ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
4 сарын 13, 2021

ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд танхимаар зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Энэ онд 34183 сурагч Ерөнхий боловсролын сургуулиа төгсч байна. Энэ сарын 9-ний байдлаар 29184 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Бүртгэл энэ сарын 20-нд дуусах байсан ч ирэх сарын 5-ныг хүртэл сунгаснаа Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн юм. Тус төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан “Өнөөдрийн байдлаар 29 мянга гаруй элсэгч цахимаар бүртгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэвийн гэсэн үг. Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн 75779498 утсаар элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Өдөрт 70-80 элсэгч утсаар зөвлөгөө авч байна. ЭЕШ-тай холбоотой бүх мэдээллийг бид Help.ees.mn сайтад байршуулж, бас и-мэйл хаягаар нь илгээсэн. Үүнд өнгөрсөн жилийн ЭЕШ-ын сэдэв, даалгаврууд багтан. Гэвч и-мэйл хаягаар илгээсэн материалуудыг элсэгчид хүлээж авах нь учир дутагдалтай байна” гэлээ.

Энэ жил ЭЕШ-ыг зохион байгуулахад 120 орчим шалгалтын байр шаардлагатай гэсэн тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс урьдчилсан байдлаар гаргаад байна.