Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд Covid-19 халдвар эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны машины бөөгнөрөл үүсээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Өдөрт дундажаар 150-200 тээврийн хэрэгсэл нэвтэрч, ачаа бараа солилцдог энэ боомтоор одоо 50 ачааны машин нэвтэрч байгааг албаныхан мэдээллээ.
Одоогийн байдлаар хилийн чөлөөт бүсийн хашаанд 631 тээврийн хэрэгслийн цуваа үүссэн бөгөөд үүний 270 орчим нь экспортын бараа бүтээгдэхүүн ачсан тээврийн хэрэгсэл аж. Мөн дээр нь 150 хоосон ачааны машин нэмэгджээ. Жишээлбэл, экспортын мах, шир, хөнгөн цагаан болон гуравдагч орон руу дамжин өнгөрөх ачаатай чингэлэг хил дээр гацаад байгааг албаныхан хэлж байв.
Хилийн боомтод үүссэн нөхцөл байдлыг хэрхэн зохицуулж буй талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ё.Жаргалсайханаас тодрууллаа. Тэрбээр “Замын-Үүдийн боомтоор дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн өдөрт 20 машин нэвтрүүлж байгаад дөрөвдүгээр сарын 11-нээс 50 машин хил нэвтэрч байна. Хил хаасны улмаас 800 гаруй ачааны машин бөөгнөрч, долоо найман эгнээ үүсээд байсан. Өдөрт 20 машин хилээр гарна гэж тооцвол эдгээр машины цуваа 40 гаруй хоногийн дараа буурах байв.
Өмнө нь Замын-Үүдийн боомтоор өдөрт 150-200 ачааны машин гардаг байсан. Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархсантай холбоотойгоор Хятадын талаас Замын-Үүдийн боомтоор дамжин Эрээний боомт руу Covid-19 халдвар тархахаас болгоомжилж хилээ хаасан. Хоёр тал тогтмол харилцаатай байж, Монгол талаас халдвар хамгааллын арга хэмжээг авч байна. Замын-Үүдийн боомтод Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбар болон Дорноговь аймгийн Онцгой комисс гол зохицуулалтыг хийж ажиллаж байгаа” гэв.
ЗАМЫН-ҮҮД РҮҮ ХОТООС 580 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ НЭВТЭРЧ, ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ БАЙНА
Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас Хятадын Эрээн хотод сууж байгаа Консулын газраар дамжуулан Эрээн хотын Ардын засгийн ордон, хилийн боомтын захиргаатай байнгын уулзалт хийж, шат дараатайгаар тээврийн хэрэгслийн тоог нэмэх чиглэлээр ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн юм. Хятадын талаас “Монголын цар тахлын халдварын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна” гэсэн хариу өгч, Замын-Үүд боомтод дахин халдвар бүртгэгдвэл хилээ хаана гэдгээ мэдэгдээд буй.
Цаашдаа хилээр гарах 50 ачааны машины тоо нэмэгдэх эсэх нь бидний хариуцлагын асуудал болоод байна. Учир нь Улсын онцгой комиссоос Замын-Үүд рүү дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотоос ачааны машин оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч бодит байдал дээр энэ шийдвэр хэрэгжихгүй, зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд олноор ирж байгаа нь дахин хил хаах эрсдэлийг бий болгож байгаа аж. Хэлж анхааруулсаар байтал дөрөвдүгээр сарын 1-нээс хойш Улсын онцгой комиссын Шуурхай штабын зөвшөөрөлтэй 580 тээврийн хэрэгсэл Замын-Үүдэд очсон байна. Нэг бодлогын шугам алдагдаж байгааг орон нутгийн мэргэжилтнүүд учирлаж байв.
“ЗАМЫН-ҮҮДИЙГ “НОГООН БҮС” БАЙЛГАЖ ЧАДВАЛ ХЯТАДЫН ТАЛААС ТАТАН АВАЛТАА НЭМНЭ”
Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхантай холбогдож, хилийн боомтын нөхцөл байдлыг тодрууллаа.
-Замын-Үүд, Эрээний хилийн боомтын нөхцөл байдал ямар байна вэ. Тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байна. Замын-Үүд сум “Ногоон бүс” болсон учраас хилээр гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх үү?
-Замын-Үүд суманд гуравдугаар сарын 23-нд Covid-19 халдварын сэжигтэй гурван тохиолдол илэрч, батлагдсан. Халдвар авсан иргэдийг тусгаарлан, Улаанбаатар хотод хүргүүлсэн. Эдгээр хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудаас сэжигтэй тохиолдол илрээгүй. Одоогийн байдлаар Дорноговь аймаг Замын-Үүд суманд дахин халдвар бүртгэгдээгүй. Бидний гол зорилго бол Замын-Үүдийг “Ногоон бүс” хэвээр нь байлгаж чадвал Хятадын талаас татан авалтаа нэмнэ гэдгээ мэдэгдсэн.
Жолооч нар хилийн зааг дээр машинаа орхиод буцаж ирж байгаа. Эрээний хилээр нэвтрэхгүй гэсэн үг. Эрээний хил дээр монгол 70 жолооч байгаа бөгөөд тэд хилийн зааг дээрээс ачааг нь ачиж, экспортын ачааг буулгаж өгдөг. Цаашдаа хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоог 50, 70, 100 болгож байж хэвийн болно. Өдөрт 100 машин нэвтрүүлбэл гурван өдөрт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл багасна гэж харж байгаа.
-Эрсдэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотоос ирж буй жолооч нарыг тусгаарлах байр бэлдэж байгаа гэсэн үү?
-Улаанбаатар хотоос ирж буй иргэдийг тусгаарлах байрыг Замын-Үүд сумаас 20 км газарт бэлэн болгохоор ажиллаж байна. Гадаадын бус хөрөнгө оруулалттай компанийн байрыг дайчилж буй учраас иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авна. Улаанбаатараас ирсэн жолооч нар тэндээ байрлаж, урт, богинын тээвэр хийхээр зохицуулна.
-Дархлаажуулалт хэзээнээс эхэлсэн бэ. Вакцины нөөц хангалттай байгаа юу?
– Эхний ээлжинд Дорноговь аймгийн харъяат 900 тээврийн жолооч, өөр аймгийн харъяалалтай 103 тээврийн жолоочийг вакцинд хамруулсан. Дархлаажуулалтын хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 31-нээс эхэлнэ. Ойролцоогоор зургадугаар сарын 15-н гэхэд бүх тээврийн жолооч бүрэн вакцинд хамрагдаж дуусна.
Замын-Үүд сумын 10 мянга орчим иргэн вакцинд хамрагдах боломжтой. Тээврийн жолооч нарт 2000 хүн тун вакцин хуваарилсан. Монголын талаас хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог аль болох нэмэгдүүлэх хүсэлтийг Эрээн хотын консулын газраар дамжуулан тавьж байгаа. Эрээн хот тэр чигээрээ “Ногоон бүс” болсон гэдгээ зарласан учраас халдвар тархахаас болгоомжилж байгаа.
Жолооч нарын зүгээс зарим машин дараалал дайрах тохиолдол гарч байгаа талаар гомдол хэлж байсан. Үүнд хэрхэн хяналт тавьж, зохицуулж байна вэ?
-Тийм асуудал байхгүй. Хилийн чөлөөт бүсэд 631 тээврийн хэрэгслийг дэс дараагаар нь дугаар үүсгэж, зохицуулсан. Прокурор, тагнуулын байгууллагаас хилийн цэг дээр хяналт тавьж ажилладаг.