Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн хоногт коронавирусийн халдвар авсан гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Үүнээс хоёр хүн нь коронавируст халдварын шалтгаанаар нас барсан бол нэг нь хавсарсан өвчний улмаас нас баржээ.
Гуравдугаар сарын 18-ны өдөр гадаадаас ирсэн 69 настай эмэгтэйн шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-ны өдөр эерэг гарч, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад хүндэрч нас барсан. Мөн 72 настай эрэгтэйн хувьд гуравдугаар сарын 18-нд халдвар авсан нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан юм.
Бусад шалтгаант нас баралт бүртгэгдсэн нь коронавирусийн халдвар авсан онош нь батлагдсан ч бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрийн улмаас СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан мэдээллийг холбогдох албаны хүмүүс өглөө. Өнөөдрийн байдлаар 2,978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-2,071
- Хүндэвтэр-689
- Хүнд-173
- Маш хүнд-45 хүн байгаа юм. Өдөр ирэх тусам хөнгөн өвчтөнүүдийн тоо буурч, хүнд болон маш хүнд шат руу шилжиж байна" гэв.