Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 он гарснаас хойш гаалийн хяналтын бүсээр оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн асуудлаар өнөөдөр /2018.05.16/ мэдээлэл хийлээ. Уг хуралд тус газрын хэлтэс бүрээс оролцсон улсын байцаагч нар оролцож, Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн мэдээллийг өглөө.
-ОН, САР НЬ ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР ҮЙЛДВЭРЛЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ЭЛБЭГ БАЙНА-
Улсын ахлах байцаагч н.Ариунаа: “Нийслэлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын хилийн хорио цээрийн хэлтсээс гүний гаалийн 13 хяналтын бүсээр бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, эмийн аюулгүй байдалд хяналт тавьж, малын гаралтай халдвартай зүйлс юм уу ургамлын гаралтай хориотой эд зүйлс хилээр дамжин тархахаас урьдчилан сэргийлж хяналтыг хийж байна. Манай хэлтэс дээр илэрсэн нийтлэг зөрчил нь эм био бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг иргэд зөвшөөрөлгүй оруулж ирж байна. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж эм бэлдмэл, хүнсийг оруулж ирэх ёстой. Тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс болж хүнсний бүтээгдэхүүн чанараа алдах тохиолдол гарч байна. Мөн он сар нь ирээдүй цаг дээр үйлдвэрлэсэн шошготой бүтээгдэхүүн оруулж ирэх зэрэг зөрчлүүд гарлаа. Лабораторийн шинжилгээгээр устгасан бүтээгдэхүүнүүд олон байна. Тиймээс энэ бүгдийг иргэдэд сэрэмжлүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл өглөө” гэсэн юм.
-136 САЯ ТӨГРӨГИЙН ЭМИЙГ УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИЙН АКТААР ХУРААН АВЧЭЭ-
Өнөөдрийн байдлаар экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 3166 аж ахуйн нэгжийн 129379,5 тонн, 448.961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 1652 аж ахуйн нэгжээс шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Үүнд:
-“АБТЕМА” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас импортолсон хоёр нэр төрлийн, нийт 105,639,342 эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрчээ.
-“Туушин” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортолсон нэг нэрийн 17.530.000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хим, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн байна.
-“Монгол шуудан” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Энэтхэг улсаас тусгай зөвшөөрөлгүй эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй дөрвөн нэрийн 376.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас Монгол улсад бүртгэлтгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвх бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас мөн бүртгэлгүй долоон төрлийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолжээ.
-“Интердисежн” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортолсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
-Тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортлосон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгаж ажилласан.
Дээр зөрчлөөр нийт 16 нэрийн 136.571.642 төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авчээ. Мөн захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнээс гадны чанар аюулгүй байдал хангаагүй 13 нэр төрлийн 7,6 тонн, 5320 ширхэг, нийт 114 сая төгрөгийн дарсанд улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, гаалийн 901 горимоор устгуулжээ.
Харин 672 тээврийн хэрэгсэл бүхий 43660 тонн хүнсний улаан буудай импортлогдсоноос дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавьж, хог ургамлын үр, өвчин илрээгүй байна.