Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан УИХ-ын дарга Г.Занданшатаргын илгээлтийг хүргэж байна.
Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,
Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн хүндэт гишүүд ээ,
Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
Тавдугаар сарын 3 бол хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нэн чухал үүргээ төр, засгийн байгууллагууд сахин биелүүлэх шаардлагатайг сануулах өдөр юм. Түүнчлэн сэтгүүлчид өөрийн улс орон дахь чөлөөт хэвлэлийн төлөвшил, мэргэжлийн ёс зүйн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, зайлшгүй анхаарах асуудлаа хэлэлцэн тодорхойлох, хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй аливаа үйлдлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх өдөр юм.
ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Одрэ Азуле Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан гаргасан илгээлтдээ энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэл бол нийгмийн баялаг мөн” гэсэн уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэснээ мэдэгджээ. Энэхүү уриалга нь мэдээлэл бол сайн сайхныг бүтээх нэгэн чухал хэрэгсэл мөн гэсэн агуулгыг илэрхийлж байна.
Халдварт коронавирусийн цар тахал Монгол орныг түгшээсэн амаргүй цаг үед Монголын сэтгүүлчид эрсдэлээс иргэдээ, эх орноо сэргийлэн хамгаалах үйл хэргийн тэргүүн эгнээнд явж, мэдээллийг бодит эх сурвалжаас шуурхай түгээж, аюулт тахлаас ангижрах нийт олны хүсэл эрмэлзлийн туг нь болж байгаа нь энэхүү нийгмийн сайн сайхныг бүтээх үүргээ чин шударгаар биелүүлж байгаагийн илэрхийлэл юм.
Та нартаа Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Үнэн зөв, баталгаатай, найдвартай мэдээлэл бол баялаг гарцаагүй мөн. Чухамхүү ийм мэдээлэл л иргэдийг мэдлэгжүүлж, соён гэгээрүүлж, ирээдүйн сайн сайханд хөтөлдөг. Ёс зүй, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан сэтгүүлч, түүний бүтээл бол Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, буруу бусармагийг уудлан илчилж, засан сайжруулах гол хөшүүрэг мөн гэж би үздэг.
Тиймээс төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал Монголын сэтгүүл зүйн нэгэн зууны баялаг түүх, хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг эх орондоо төлөвшүүлэх сэтгүүлчдийн хүчин чармайлтыг ямагт өндрөөр үнэлж, гүнээ хүндэтгэдэг.
Иргэдийнхээ үнэнийг мэдэх эрх, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Монголын парламент ямагт анхаарсаар ирсэн. Энэ чиглэлээр цаашид ч хийх зүйл их бий. Улсын Их Хурал 2019 онд “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийг баталсан. “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж сэтгүүлчид, олон нийт үзэж байгааг Улсын Их Хурал чухалчлан анхаарч байгаа.
Түүнчлэн сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрх, хараат бус байдлыг бүрнээ хангах, хэвлэн нийтэлснийх нь төлөө шүүхээс ял сонсгохгүй байхыг эрхэм үүргээ гэж үзэж байгааг энэ дашрамд мэдэгдье.
Монголын парламент ямагт сэтгүүлчидтэйгээ хамт байсан, сэтгүүлчид маань ч бидний дотнын анд нөхөд, хамтран зүтгэгчид байсаар ирснийг энэ өдөр тэмдэглэж хэлэхэд таатай байна.
Монголын сэтгүүлчид төрийн бодлого, хууль ёсыг түгээн сурталчлагч, төр-ард түмнийг холбогч зууч, Монголоо дэлхий ертөнцөд таниулагч гүүр нь болсоор ирсэн билээ. Та бүхэн бол нэг талаас төр, засгийн дотнын нөхөр нь, нөгөө талаас гашуун боловч үнэнийг хэлдэг үнэнч туслагч нь юм.
Монгол Улсын хөгжил дэвшил баталгаа дархлаатай, ирээдүй маргааш нь гэгээ гэрэлтэй байх ёстой. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үүрэг онцгой ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж хэлье.
Хэвлэлийн эрх чөлөө бол Монголын сайн сайхны баталгаа юм. Тиймээс ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе.
Монголынхоо түүхийг үгийн шидээр урлан бүтээх, Монгол оронд шударга ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг бүрнээ цогцлоох эрхэм үйлс тань бүтэмж төгөлдөр байх болтугай.
Монгол Улсын Их Хурлын дарга ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР