Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
5 сарын 4, 2021

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар hээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны 09:22 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:30 цагт цурамд оруулж, тавдугаар сарын 3-ны 10:10 цагт бүрэн унтраасан байна.  

Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатсан. Хаврын хуурайшилтын үе үргэлжилж байгаа тул иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.