УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 2017 онд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь буюу тус бүр долоон хувь байсныг 19 хувь буюу тус бүр 8.5 хувьд хүргэсэн.
Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагчид дарамт учруулахгүй байх үүднээс тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд нэг хувиар гэхчлэн үе шаттай нэмэгдүүлэх болсон юм. Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьснаар 2021 онд мөрдөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 9.5 хувь болгох асуудлыг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хойшдуулж, 2020 онд 8.5 хувь хэвээр мөрдсөн.
Ийнхүү 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5 хувь болж нэмсэгдсэн. Гэхдээ энэ хугацаанд цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндэрсэн учраас нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхой хугацаанд чөлөөлөх, хойшлуулах зэрэг арга хэмжээ авсан. Тухайлбал, 2021 онд буцаад 22 хувь болж нэмэгдэх байсан нийгмийн даатгалын шимтгэлээс ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 3-5 пунктээр бууруулж нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 17 хувьд хүргэхээр тооцсон.
Өөрөөр хэлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл ажил олгогч, даатгуулагч нар нийгмийн даатгалын шимтгэлээс зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг хөнгөрүүлсэн хэлбэрээр буюу 8.5 хувиар төлөх зохицуулалт хэрэгжиж байгаа. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүнд нөхцөлд байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан аж.
Ингэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг нийт хоёр хувиар бууруулах тухай уг хуулийн төсөлд тусгажээ. Уг хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөхөөр заасан байна.
Ийнхүү ажил олгогч болон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 8.5 хувь болгосноор даатгуулагчийн орлого 10 орчим хувиар өсөж, ААН-д очих эдийн засгийн дарамт багасна гэж хууль санаачлагчид тооцоолжээ. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар 2021 оны Нийгмийн даатгалын сангийн орлого 189.3 тэрбум төгрөгөөр буурч, улсын төсвөөс Тэтгэврийн даатгалын санд олгох санхүүгийн дэмжлэг мөн хэмжээгээр нэмэгдэх учраас 2021 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүсэх аж.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ төсвийн орлого зарлагын бүтцийн өөрчлөхгүй байх, зарлага, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн Төсвийн тухай хуулд төсвийн жилийн дундуур төсөв нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан бол дараа жилээс нь хэрэгжүүлнэ гэдэг заалт бий. Тэгэхээр Үндсэн хууль болоод Төсвийн тухай хуультай зөрчилдөх нь. Тиймээс энэ хуулийг дагалдуулаад байнгын хорооноос тогтоол гаргавал яасан юм гэдэг санал хэлье. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор Засгийн газар Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагад өөрчлөлт оруулах, орлогыг нь нэмэгдүүлэх чиглэлээр төсөвт тодотгол хийнэ гээд. Ингэсэн нөхцөлд УИХ хууль зөрчихгүй.
Хоёрдугаарт, нэгэнт НДШ хөнгөлж байгаа юм чинь долоодугаар сарын 1-нээс биш нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлье. Ялангуяа эмнэлгийн байгууллагад ажилладаг хүмүүсийн шимтгэлийг нэг хувиар ч болтугай чөлөөлчих хэрэгтэй” гэдэг санал хэлэв. Ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүн 100 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.