Цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны гараашуудыг буулгаж эхэлжээ
5 сарын 12, 2021

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөжээ. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг эхлүүлсэн байна.

Чөлөөлсөн газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ. Энэ талаар тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дараах мэдээллийг өглөө.

“Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 132 байгууламж байгаа бөгөөд 20 жил орчим болсон. Тухайн гараашууд нь ямар нэгэн бичиг баримтгүй, зөвшөөрөлгүй юм. Гараашуудыг чөлөөлж, дугуйн болон явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Нийслэлийн зураг төслийн хүрээлэн дээр ажил нь хийгдэж байгаа. Зардлыг нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргана.

Гараашны эздэд гурван удаагийн шаардах хуудас хүргүүлсэн. 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад, үүний дагуу СХД-ийн Засаг даргын захирамж гарч, гараашуудыг чөлөөлөх ажил хийгдэж байгаа юм.  Иргэд бидний ажилд туславал гараашуудыг 14 хоногт чөлөөлнө. Үүний дараа бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

Шаардлага биелүүлэхгүй байгаа учраас албадан чөлөөлөх ажил явагдаж байна. Мэдсэн хүмүүс ирээд гарааш доторх эд зүйлээ авч байна. Ирж амжаагүй хүмүүс эд зүйлээ дүүргийн газар зохион байгуулалтын албаны журмын хашаанаас авч болно. Гарааш доторх эд зүйлийг бичлэгээр баталгаажуулаад, протокол хөтлөж, эздэд нь хүлээлгэж өгч байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажил хийгдэж эхэлсэн” гэсэн мэдээллийг СХД-ийн газар зохион байгуулалтын албанаас өгөв.