Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулна
5 сарын 13, 2021

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 54 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс 2017 оноос хамрагдаж, энэ тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар өсгөж хуульчилсан нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн даатгалын санд ачаалал үзүүлэхгүй байх ач холбогдолтой шийдвэр байсан ч цар тахлын үед аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн ашиг орлого буурч, татварын ачаалал үүсгэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд хуульд ийм өөрчлөлт оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төсөлд заасан хувь хэмжээгээр бууруулснаар нийгмийн даатгалын санд улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр урьдчилсан тооцоолол хийгдсэн ч цар тахлын онцгой нөхцөл байдалд ард түмний эрх ашгийн төлөө дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн бөгөөд эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотойг төслийн үзэл баримтлалд дурджээ.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан байна. Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгажээ.

Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд санал нэгтэйгээр дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа татвар, шимтгэл нэмээд үр ашиг нь гарахгүй байна, үүний оронд тогтолцоо нь гажигтай байгааг засах нь чухал гэж үзэж буйгаа хэлээд нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар төсөвт дарамт үүсэх эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг нар Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, сангийн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр юу хийж байгаа, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг нар хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжихээр зохицуулж болох эсэх, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар шимтгэл бууруулснаар төсөвт үүсэх эх үүсвэрийн хаанаас хэрхэн бүрдүүлэхээр тооцож байгаа зэргийг тодруулж, хариулт авсан юм.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа нар шимтгэл бууруулах асуудлыг Төсвийн тухай хуультай зөрчилдөхгүйгээр шийдэх нь чухал, ер нь улстөржсөн шийдвэр гаргахгүйгээр тооцоо судалгаатай, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлттэйгээр асуудалд хандах ёстой, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх асуудлыг хөрөнгийн зах зээлтэй уялдуулж шийдэхэд анхаарах нь чухал гэж үзэж буйгаа хэллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын эрүүл тогтолцоог бий болгоход хэн ч татгалзахгүй, эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм арга хэмжээ авах нь чухал, гэхдээ Нийгмийн даатгалын сан нь буяны сан биш гэдгийг анхаарахыг чухалчилсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат хуулийн төслийг дэмжиж байна, цаашид малчдаа нийгмийн даатгалд хамруулахад онцгой анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв.   


Төсөл санаачлагч гишүүн Т.Энхтүвшин хуулийн төсөл нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2 пунктээр бууруулахад чиглэж байгаа. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үе шаттай арга хэмжээний хүрээнд одоогоор аж ахуйн нэгжүүд шимтгэлийг 8.5 хувиар төлөөд явж байгаа. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-ээс энэ байдлаар нь үргэлжлүүлээд явах нь зүйтэй гэж төсөл санаачлагч гишүүд үзсэн. Хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-ээс эхэлж дагаж мөрдөхөд улсын төсөвт 94 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай, харин 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр бол 140 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болох юм. Хуулийн хэрэгжих хугацааг хэлэлцүүлгийн шатанд ярилцаж шийдэх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.

Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг Засгийн газраас 2020 онд хоёр үе шаттай авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. Мөн оны аравдугаар сараас хойш 2020 он дуустал зөвхөн тэтгэврийн шимтгэлийг 5 хувиар төлсөн. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс зөвхөн төрийн албан хаагчид болон орон нутгийн, төрийн өмчит байгууллагууд нэмэгдсэн дүнгээр буюу ажил олгогч болон даатгуулагч тус бүр 9.5 хувиар шимтгэлээ төлөөд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн тэтгэмжүүдийн даатгалаас бүрэн чөлөөлөгдсөн. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байраа хадгалахад маш том дэмжлэг болсон бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэдийн хувьд тоо буураагүй, харин ч өсөлттэй дүн гарсан. Улсын Их Хурлаас эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх чиглэлийн арга хэмжээнд одоогийн байдлаар 38 мянган ажил олгогч, 572 мянган даатгуулагч хамрагдаж, нийтдээ 720 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэдгийг хэллээ.


Түүнчлэн Засгийн газраас баталсан нийгмийн даатгалын шинэчлэлийн хөтөлбөрт 2030 он гэхэд нийгмийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжихээр тусгагдсан. Энэ хүрээнд багц хуулийн төслийг боловсруулж бэлэн болгоод байгаа, олон нийтийг хамруулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүд хийхээр төлөвлөсөн. Авлага, өр төлбөрийн тухайд одоогоор Нийгмийн даатгалын санд ажил олгогчдоос 256 тэрбум төгрөгийн авлагатай байгаа, мөн Капитал банкнаас нийт 104 тэрбум төгрөгийн авлагатай, үүнээс 1 тэрбум 500 мянга орчим төгрөгийн төлбөрийг барагдуулсан, одоо 102.6 тэрбум төгрөгийн үлдэгдэл авлагатай байгаа. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан одоогоор арилжааны банкуудад Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулаагүй гэдгийг нэмж тодотгов. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан тус яамны холбогдох зарим албан тушаалтнууд гишүүдийн асуултад нэмэлт хариулт, мэдээлэл өгсөн юм.   

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл -ийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы энэ сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ дагуу Төсвийн байнгын хороо энэ сарын 11-ний өдөр хуралдан төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж дэмжжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм.


Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөлд тулгуурлан боловсруулжээ. Монгол Улсын 2023-2024 оны төсвийн орлогын төсөөлөлд өмнөх жилүүдийн нэгэн адил уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрсний экспортын биет хэмжээ, дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр хамааралтай хэвээр байхаар байна. Эдийн засгийг сэргээж, төсвийн алдагдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт дунджаар 4-6 хувиар өсөж, төсвийн алдагдал 2024 оны эцэст ДНБ-ий 2 хувьд хүрч буурна. Мөн Засгийн газрын өрийн ДНБ-нд эзлэх хувь 60 хувиас хэтрэхгүйгээр тогтворжино гэж Засгийн газар тооцжээ.

Макро эдийн засгийн 2022-2024 оны төсөөллийн тухайд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2022-2024 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорилт тавьжээ. Оюутолгойн далд уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, “Залуус” I, II, III хороолол, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт, барилга, угсралтын ажил эрчимтэй явагдаж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараагаар дэлхийн эдийн засаг, ялангуяа, манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын эдийн засаг хурдтай өсөхөөр байна. Энэ нь манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт, үнэ тогтвортой, өндөр байх нөхцөл бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Харин инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2022-2024 онд 6 орчим хувьд байхаар байна. Дунд хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөж, эдийн засгийн идэвхжил сэргэх хандлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хүү багатай, хямд эх үүсвэртэй зээл олгохын зэрэгцээ гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, бараа нийлүүлэлт, татан авах үйл явц хялбар, шуурхай болж, бизнесийн зардал буурч, нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт буурах төлөвтэй байна гэж Засгийн газар үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.БатЭрдэнэ, С.Одонтуяа, Х.Булгантуяа, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив.

Иймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний 46 нь дэмжсэнээр хууль эцэслэн батлагдав.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга энэ долоо хоногт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсан талаар танилцуулж,  шинээр батлагдсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсгосноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.