Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын урилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзлаа. Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот бол их айл. Нийслэл хотод шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан олон асуудал байна. Эдгээрээс хамгийн тулгамдаж байгаа нь түгжрэл. Судалгаагаар нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь түгжрэлтэй холбоотойгоор бухимдаж байна. Эдгээр зүйлийг ярилцах, санал солилцохоор та бүхнийг урьсан. Ирсэн УИХ-ын дарга, эрхэм гишүүдэд баярлалаа” хэмээн ярилаа.
УИХ-ын дарга нийслэлээс сонгогдсон гишүүдийн Түр хороо байгуулах санал гаргав
УИХ-ын дарга Г.Занданшатар “Улаанбаатарт нийслэлийн хүн амын тал хувь нь оршин сууж байгаа. Эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа чухал төв. Энэ удаагийн парламент эрх зүйн хувьсгал хийхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг амжилттай баталж, сайн хууль гарсан. Энэ хуулиар орон нутаг, нийслэлийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Харин одоо Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар тодорхой болох ёстой. Хуваагдахгүйгээр хүчээ нэгтгэн, нийслэл хотод таван “Т”-г арилгая. Төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё” хэмээн уриалсан юм. Мөн тэрбээр нийслэлээс сонгогдсон гишүүд түр хороо байгуулж, ажиллах нь зүйтэй гэх санал гаргалаа. Хотын дарга 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөр болон эрх зүйн орчинд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан нийслэлийн төсөв, санхүүд тулгарч буй асуудлын талаар гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод оршин сууж байна. Нийслэл нь улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын нягтралаар хамгийн өндөр хот хэвээр байгаа. Улаанбаатар хотын хүн ам 2024 онд 1.68 сая, 2030 онд 1.86 сая, 2040 онд 2.1 сая болж өсөх тооцоолол байна. Цаашид Улаанбаатар хотын эрх зүйг тэлэх, нийтийн тээвэр, барилга, дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэсэн юм. Хотын даргын танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд санал, хүсэлт хэлж, асуулт асууж, хариулт авлаа.
Х.Нямбаатар: Хотын даргад тулгамдсан асуудлаараа яамдаас санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг эрхийг олгоё
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хот, нийтийн аж ахуйтай холбоотой засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний харилцааг идэвхтэй зохицуулдаг 240 орчим хууль байна. Эдгээр хууль хотыг аймаг, сум, дүүрэгтэй адилтгаж харилцааг зохицуулдаг учраас мөргөлдөж, асуудал шийдэгдэхгүй байна. Жишээ нь, Зам тээврийн сайд нар үеийн үед Улаанбаатар хотын түгжрэлийн асуудалд оролцдоггүй хэрнээ аймаг, орон нутгийн зам тээврийн асуудалд оролцдог. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулиар энэ асуудлыг шийдэх нь чухал. Энэ хуулийн төсөл нь нийслэл хотод тулгамдаж байгаа асуудлыг Засгийн газрын хуралдаанд Хотын дарга яамдаас санал авч, танилцуулдаг эрхийг олгохыг зорьж байгаа. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга нь тулгамдаж байгаа асуудлаа Засгийн газрын хуралдаанаар шийдүүлдэг болох юм” хэмээв. Мөн тэрбээр ирэх долоо хоногт яамдаас Нийслэлийн эрх зүйн байдлын хууль дээр санал авна. Түүнээс өмнө нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулга хийх санал гаргав.
Тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Түгжрэлийг шийднэ гэдэг бол Улаанбаатар хотын эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудал болж хувирч байна. Улаанбаатар хотын иргэд асуудлыг яаж, хэзээ шийдэх гэж байна гэдэг. Түгжрэл одоо яг ийм байна, үүнийг ингэж шийдэх боломж байна. Энийг нь шийдээд явж байна гэдэг мэдээлэл тодорхой байх хэрэгтэй. Улаанбаатар хотод үүссэн асуудал 30 жилийн өмнөөс үүсэлтэй. Иймээс үүнийг шат дараатай, он дараалалтай хийх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрбээр мөн нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг аппликэйшнд оруулж, хэдий хугацаанд хэрхэн шийдэх талаар технологийн дэвшил ашиглан, мэдээллийг иргэдэд ойлгомжтой өгөх хэрэгтэй байгааг онцолсон.
Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Юуны өмнө, дархлаажуулалтын ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа нийслэлийнхэндээ баяр хүргэе. 2013 оноос хойш хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нийслэлчүүдийн хамрагдалт муу, 30 хувьтай байдаг. Иймээс хорт хавдар болон бусад өвчний хавдрын илрүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоог нийслэлд хийхгүй бол шаардлагатай тусламжаа авч чадахгүй байгаад амиа алддаг тохиолдол их байна. Алслагдсан дүүрэгт түргэн тусламж муу очиж байна. Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Х.Булгантуяа: Ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
УИХ-ын гишүүн П.Анужин “Улаанбаатар хотын 143 сургуулийн 117 нь түрээсийн гуанз, хоолны газар ажиллуулдаг. Олсон орлогын 40 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар авдаг. Энэ орлогыг хүүхдийн хоолны чанарт зарцуулдаг байхад анхаараач. Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болж байгаа. Нийслэлийн сургуулиудад чанар, стандартын шаардлага хангасан хоолны газартай сургууль алга. Хууль ирэх есдүгээр сараас хэрэгжинэ. Орлогын 40 хувьд нийслэл ямар бодлого баримтлах вэ” гэдгийг асуусан юм. Үүнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Хууль батлагдсантай холбоотойгоор аж ахуйн нэгж сургуулийн гал тогоог түрээсэлдэг байдал зогсоно. Сургуулиудад ажиллах тогооч, орон тоо батлагдаагүй. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг журмын дагуу үдийн хоолны хөтөлбөрт хамруулахын тулд төсвийн тодотголд тусгах шаардлагатай. Орлогын 40 хувийг нийслэл рүү төвлөрүүлдэг байдлыг зогсоож болно” хэмээн хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түгжрэлийг бууруулахад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг нэмж, автомашины импортын татварыг нэмэгдүүлэх байдлаар шийдэх боломж байгааг хэлсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг онцолсон. Тэрбээр “Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд тавих шаардлагыг багасгаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд газар чөлөөлөлтийг хийж өгөөч. Аж үйлдвэрийн бүс бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.
Б.Жаргалмаа: Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот хөгжих бүрэн боломжтой
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Хууль, эрх зүйн боломжийг нээгээд өгвөл хот маань хөгжих бүрэн боломжтой. Улсдаа татаас өгөхөөс илүүтэй олсон орлогоороо хотоо хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж харлаа. Өнөөдөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын худалдааны чөлөөт бүсийг байгуулах хэрэгтэй. Эрх зүйн орчин бүрдвэл хотод хийх юм их байна” гэдгийг онцоллоо. Мөн Д.Өнөрболор гишүүн хотоос сонгогдоогүй ч гэсэн нийслэлтэй холбоотой асуудал яригдаж учраас иржээ. Тэрбээр түр хороонд орж, ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалт үр дүнтэй боллоо
Нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон гишүүдийг Хотын дарга урьж, ирэх жилүүдэд хийх ажлаа танилцуулж, санал солилцож байгаа нь нийслэлийн түүхэнд анх удаа болж байгаа үйл явдал юм. УИХ-ын гишүүд ч ийм уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, уулзалтыг үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийг бууруулахад онцгойлон анхааран ажиллаж байна. Нийтийн тээврийг хөгжүүлж, такси үйлчилгээний стандартыг шинээр оруулж ирэх хэрэгтэй. Түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах хүрээнд 10 дэд төв байгуулна. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудал шийдэгдэнэ. Хоёр огтлолцолтой замын схемийг оруулж ирнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанитай тооцоо, судалгааг хийж байгаа. Авто замын сүлжээг өргөтгөхөөс гадна явган хүн, дугуйн замын тооцоо, судалгаа байгаа ч санхүү дээр очоод гацдаг. Улаанбаатар хот олон оролцогчтой, салбарын сайд нар төлөвлөлт, тооцоо судалгаагүй ажлыг оруулж ирснээр зардал өсдөг. Бодлогын яам хэрэгжилт дээр хяналт тавьдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Сүүлийн 30 жилийн хуримтлагдсан асуудал өнөөдөр биднийг ийм байдалд амьдруулж байна. Хот гэдэг бол улсын хөгжлийн нүүр царай. Хот нийгэм, эдийн засгийн маш чухал цогцолбор төв” хэмээн онцоллоо.
Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл, баримтлалыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн санал, хүсэлтийг сонсох байсан ч Түр хороо байгуулах санал гарсантай холбоотойгоор түр хороогоор хэлэлцэхээр болсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС