ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
5 сарын 16, 2018

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Элдэв-Очир танилцуулга хийв. Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт найман хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн бусад байнгын хороодоос тогтоолын төсөлд тусгахаар ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусгасныг дурьдлаа.

Байнгын хороодоос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг сайжруулах, Улсын бүртгэлийн үйлчилгээний цогцолбор төв байгуулахад мөнгө төсөвлөх, олон нийтийн цагдаагийн цалин, урамшууллыг нэмэх, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн лаборатори бий болгох зэрэг санал ирүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

Тогтоолын төсөл эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулах, өсөлтийг дэмжих зорилготой бодлогын арга хэмжээ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурьдлаа. Тэрбээр, “Байнгын хороод дээр урсгал зардлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг жилийн төсөв батлахад яригддаг олон асуудлыг хөндөж байна. Тиймээс бид эхний ээлжинд бодлогын асуудлаа голлон хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Засгийн газраас өмч хувьчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлсон бөгөөд хэсэг бүлэг этгээдэд давуу эрх олгох бус бүх хүн тэгш эрхтэй оролцох боложмийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс хариуллаа. Мөн Засгийн газар ойрын хугацаанд өмчлөх обьектуудын жагсаалтыг гаргаж, УИХ-д танилцуулах аж.

Ирэх онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 110 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг ажлын хэсэг танилцуулав. Мөн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг энэ салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтын олон урсгал байгаа. Эдгээр байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа болон бусад тулгамдсан асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг асуулаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг БНХАУ-аас авах 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд үргэлжлүүлэхээр БХБЯ, НЗДТ ажиллаж байгаа аж. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл тулгарч байгааг Сангийн сайд хэлсэн. Мөн ипотекийн зээлийг 2019 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар ирэх жилийн төсвийг хэлэлцэх үед дэлгэрэнгүй танилцуулна гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүд болон бусад байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.