Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар цэвэрлэх байгууламж, усан хангамж, Улаанбаатар хотын дагуул хот, орон сууцжуулах хөтөлбөрийн талаар танилцууллаа.
Цаашид 45 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах ёстой
Тэрбээр “Монгол Улсын нийт өрхийн тоо 897,427. Үүнээс 411,400 буюу 44.8 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Нийт иргэдийн 199,300 нь орон сууцанд, 203 мянга нь гэр, байшинд, 411 мянга нь нийтийн байр, бусад байдлаар амьдарч байна. Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 22-ны тогтоолоор 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр баталсан. Үүнээс Улаанбаатар хотод 100 мянга, орон нутагт 50 мянга нь хэрэгжинэ” хэмээн ярилаа.
Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. 10,287 айлын орон сууц ашиглалтад орсон. Цаашид 45 мянган айлын орон сууц ашиглалтад оруулах ёстой гэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөхөөр 19 байршилд төсөл, хөтөлбөр зарласан.
Нэхмэлийн шарын найман байшинд 160 айл байсан бол дахин төлөвлөлтөөр 2,500 айл байдаг болжээ.
Ирэх 20 жилд цэвэрлэх байгууламжийн асуудал яригдахгүй
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Төрийн зүгээс дэд бүтцийг шийдэж байгаа. Улаанбаатар хотын инженерийн шугам, сүлжээг цогц байдлаар төлөвлөж өгөх ёстой. Шинэ цэвэрлэх байгууламж 2023 онд ашиглалтад орно. Ингэснээр ирэх 20 жилд цэвэрлэх байгууламжийн асуудал яригдахгүй. Үерийн далан, борооны ус, хөрсний усны инженерийн байгууламжийн асуудал орхигдоод байна.
Улаанбаатар хотыг тойрсон хот төлөвлөлтийг цогцоор нь шийдэх ёстой. Мөн ажлын байрыг нь бий болгох хэрэгтэй. Богдхан төмөр зам дээр трассаа тогтож байна. Ажил хэрэг болгохын тулд төсөв мөнгө тавьж, ажлаа эхлэхээс гадна газар чөлөөлөлтийг үе шаттай хийх хэрэгтэй байна” гэв.