“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна.
Өнөөдөр Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Х.Ганхуяг нар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Өнгөрсөн хугацаанд нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдийн сонгогдсон тойргийн хэмжээнд чадлаараа ажиллаж ирсэн. Харин энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүд нийслэл хотод тулгамдсан олон асуудлыг дүүрэг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд ярилцаж, цогцоор нь шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаар санал нэгдлээ” хэмээгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана гэв.
Түр хороо ажилласнаар нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин бүрдэх, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөх зэрэг үр дүнг хүлээж байна хэмээн гишүүд мэдээлэлдээ дурьдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.