Мөн нээлтийн үйл ажиллагаанд АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын ТУЗ-ийн дарга Л.Төр-Од, гүйцэтгэх захирал О.Батбаяр нар болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдын зочид төлөөлөгчид оролцож, нээлттэй санал бодлоо солилцлоо.
Авлигын эсрэг, ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлийн талаарх бизнесийнхний ойлголт, мэдээллийг бататгаж, хэрэглэгч төвтэй, практикт суурилсан үйлчилгээг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим гишүүн байгууллагууддаа үзүүлэх юм.
Энэхүү төслийн хүрээнд дараах бүлэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Ёс зүйн хоёрдмол байдалд орох эрсдэлээс бизнесээ хэрхэн хамгаалах, түүнийг таньж мэдэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн ажлыг зохион байгуулах
- Бизнесийн орчин дахь авлига, түүнийг бууруулах болон бизнесийн ёс зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг улирал бүр зохион байгуулах
- Бизнесийн байгууллагууд ёс зүйн дүрмээ боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж, бизнесийн болон мэргэжлийн ёс зүйн сургалт тогтмол зохион байгуулах
Өдөр тутмын үйл ажиллагаанд түгээмэл тулгамддаг ёс зүйн хоёрдмол байдал, түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гарын авлага, ном, товхимол, стандартууд болон дотоод, гадаадын авлигын эсрэг хууль тогтоомж, судалгаанууд бүхий цахим номын сан байгуулах зэрэг ажлууд багтаж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ манлайлж оролцох бол бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх чиглэлээр дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “Транспэрэнси Интернэшнл” олон улсад амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага, хөтөлбөр, сургалтын агуулга зэрэг мэдээллээ хувийн хэвшлийнхэнтэй хуваалцах юм. “Бизнесийн Ёс Зүйн Төв”-ийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл буюу эхний жилийн үйл ажиллагааны зардлыг “Рио Тинто Монгол” ХХК санхүүжүүлэх юм.