Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд явагдсан. Манай улсаас энэ өдөр 56 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.
Узбекистаны боксчинд өмнө нь манай Х.Энх-Амарыг Жакартагийн Азийн наадамд ялж байсан бол 2019 оны ДАШТ-д Э.Цэндбаатарыг хагас шигшээд ялж, түрүүлэх замаа засаж байв. Энэ удаад манай улсын тамирчин Х.Энх-Амар эхний үед 3:2-оор хожигдож байсан ч сүүлийн хоёр үед илүү байснаар тивийн аваргад анх удаагаа түрүүллээ.
Харин түүний дараа 60 кг-ын жинд “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпийн эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна.
Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медаль хүртснээр манай финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ. Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор ялалт байгуулж, тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа.
Мөн энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-д Охонтунгалагын Өнөболд, 69 кг-д Баттөмөрийн Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Эрдэнэдалайгийн Мичидмаа, 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ хэмээн Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.