Суудлын автомашины дугуй салж унаснаас нэг хүн амь насаа алджээ
6 сарын 21, 2021

2021 оны 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутгийн замд 6 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна.

Ослуудыг дурдвал
Нийслэлд:  

  • 2021.06.18-ны 15:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Кувейтын ам орох замд суудлын автомашины жолооч цахилгааны шон мөргөж зорчигч гэмтсэн.
  • 2021.06.19-ний 15:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай зорчигч мөргөж унадаг дугуйтай зорчигч гэмтсэн.
  • 2021.06.19-ний 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг Зуслангийнн замд том оврын жийп автомашины жолооч 2 том оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч 8 настай хүүхэд гэмтсэн.  
  • 2021.06.20-ны 14:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг Хувьсгалчдын гудамжны замд том оврын жийп автомашины жолооч хоёр автомашинтай мөргөлдөж зорчигч 3 хүн гэмтсэн.
  • 2021.06.20-ны 06:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашины дугуй салж унаснаас 1 зорчигч нас барж, 1 зорчигч гэмтжээ.

Орон нутагт:

  • 2021.06.18-ны 13:00 цагийн орчим Багануур дүүргийн нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
  • 2021.06.19-ний 07:00 цагийн орчим Булган аймаг Могод сумын нутагт ачааны автомашины жолооч нь явган зорчигч мөргөж зорчигч амь хохирсон.
  • 2021.06.19-ний 20:00 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт механизм онхолдож жолооч амь хохирсон.
  • 2021.06.19-ний 02:00 цагийн орчим Төв аймаг Баян сумын нутагт  том оврын тээврийн хэрэгслийн араас суудлын автомашин мөргөж жолооч зорчигч 2 хүн гэмтсэн.
  • 2021.06.19-ний 21:00 цагийн орчим Увс аймаг Бөхмөрөн сумын нутагт   суудлын автомашин, мотоцикл 2 мөргөлдөж мотоциклын жолооч амь хохирсон
  • 2021.06.19-ний 22:00 цагийн орчим Ховд аймаг Буянт сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон, зорчигч 2 хүн гэмтсэн.
  • 2021.06.19-ний 12:00 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Овоо сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон ослууд гарчээ.

Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 309 зөрчил илэрчээ

Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 2021.06.17-19-ний өдрүүдэд зохион байгуулан ажилласан байна.

Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 219 зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 129 зөрчлийг илэрчээ.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 177, орон нутагт 132, улсын хэмжээнд нийт 309 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж байх, хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.