БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ
6 сарын 23, 2021

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг  зургадугаар сарын 29, 30-ны өдөр solongos.hudulmur-halamj.gov.mn вэб сайтаар цахим хэлбэрээр  бүртгэхээр болжээ. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарийг долдугаар сарын 16-ны өдөр зарлах бөгөөд шалгалтыг  долдугаар сарын 26-наас есдүгээр  сарын 17-ны хооронд зохион байгуулж, тэнцсэн иргэдийн нэрийг есдүгээр  сарын 23-нд зарлах аж.

БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮССЭН ИРГЭН НЬ:

  •   18-39 настай Монгол Улсын иргэн
  •   Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй
  •   БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  •   Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй
  •   Өнгө ялгах чадвартай
  •   Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

АНХААРУУЛГА:

  • Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасна. 
  • Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
  • Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажна. 

Цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn систем 2021 оны 6 дугаар сарын 29, 30 ны өдөр өглөө 09:00 цагт нээгдэж, 18:00 цагт хаагдана. Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой гэдгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлэв.