Машинтайгаа живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг голоос гаргажээ
6 сарын 27, 2021

Нийслэлийн онцгой комиссоос халдварын тархалт өндөр байгаа энэ үед гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахгүй байхыг уриалж байгаа. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас гол усанд живэх, осолдох эрсдэл их байгааг анхааруулж, хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа билээ. Энэ үеэр албаныхан автомашинтайгаа живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг голоос гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Өчигдөр /2021.6.27/ голын усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлээр Нийслэлийн онцгой байдлын газар, Аврах анги, дүүргийн онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах аврах ангиудын 44, Хан-Уул, Баянзүрх дүүргийн төрийн байгууллагын долоо, нийт 51 алба хаагч, есөн  автомашин, дөрвөн завьтай үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар 3015 том хүн, 729 хүүхдэд усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, 466 ширхэг гарын авлага материал тараажээ. Тус хяналт шалгалтын ажлаар албаныхан автомашинтайгаа живсэн 21 настай эмэгтэйн цогцсыг голоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Мөн голын эрэгт ойрхон байрлаж байсан 592 автомашиныг эргээс 50-100 метрт аюулгүй газарт холдуулж, усанд живж байсан 26, 29, 43 настай гурван иргэний амь насыг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.