ЭЗБХ:Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ
6 сарын 29, 2021

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) цахим хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

   Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 

    Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21.0 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг Эрүүл мэдийн сайд танилцуулгадаа онцолсон.  Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны 19.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хэлэлцээрийг байгуулаад буй “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн хамтарсан санхүүжилт хэлбэрээр олгогдох бөгөөд АДБХОБ-ны 50 хувиар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх боломжтой. АДБХОБ-ны 21 сая ам, долларын хөнгөллттэй зээлийн хүү 0.16 хувь хувьсах тархалтын хувь 0.63, эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад  дурджээ.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 


Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ 

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.    

  Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулсан. Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлж, авто замын сүлжээ, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр зорилтууд туссан талаар Сангийн Дэд сайд танилцуулгадаа дурдаад, эдгээр зорилтуудын хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл ажлыг хангаад байна гэв. 

    Төсөл нь Гудамж замуудыг цогц шинэчлэлт; Нийтийн тээврийн системийн шинэчлэл; Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил; болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хариуцан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Төслийг Дэлхийн банкны группын Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100.0 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх ба олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь  + хувьсах хүү 0.93 хувь  байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна гэж хэлэлцээрийн  төслийн танилцуулгад дурдсан байлаа. 


    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Т.Доржханд, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс  зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тодорхой санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр  “Цаашид бага хүүтэй, сайн нөхцөлтэй гадны  зээлийг эдийн засгийн өсөлтийг дэмждэг, ажлын байр бий болгох чиглэлрүү хандуулах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн баг гаргахдаа Улаанбаатар хотын удирдлага  ямар замаа засаж, өргөтгөх болон нэн тэргүүний асуудлаа эрэмбэлж, хөрөнгө оруулалтаа оруулах зэрэг гол ажлын зураглалыг гаргаж, Сангийн яамтайгаа нягт холбоотой ажиллахыг анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, “Төслийн хүрээнд хийх бүтээн байгуулалтын ажил 2026 оноос эхлэхээр тусгагдсан байгаад анхаарч Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай ярилцаж, хугацааг нь наашлуулах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд гэрээ хэлэлцээртээ явган хүний болон дугуйн зам, нийтийн тээврийн асуудлыг тусгаж өгөхөд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, хувийн хэвшлийнхэн автозамыг  барих, ашиглах, шилжүүлэх хэмжээний бүтээн байгуулалтыг хангалттай хийнэ. Иймд төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын ажилд гадныхнаас илүүтэй дотоодын нөөц боломждоо тулгуурлаж, итгэл үзүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

Ингээд Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81,2 хувь нь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.