Ирэх зургадугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын V бага хурал болно. Тус хуралд Зүүн Хойд Азийн БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон зэрэг зургаан улс оролцохоос гадна АНУ, Европын Холбоо, Канад, НҮБ-ын төлөөлөл болсон эрдэмтэд хүрэлцэн ирэх юм.
Эрдэмтэд энэ удаагийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-д их өндөр ач холбогдол өгч буй. Учир нь Солонгосын хойгийн асуудал анхаарлын төвд байгаа энэ үед талуудыг уулзуулж, аюулгүй байдлын асуудлыг зөвлөлдөх явдал юм.
Гадаад харилцааны яамны мэдээлснээр, гол хэлэлцүүлэг "Харилцан итгэлцлийн зарчмаар бүсийн хамтын ажиллагааг сайжруулах нь", "2025 он хүртэлх Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчин" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад хэргийн сайд албан ёсны уулзалт, яриа хэлэлцээ хийсэн. Энэ үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн манай улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг БНАСАУ дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.
Жилийн өмнө Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын дөрөвдүгээр бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болсон билээ.
“Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгын хүрээнд зохион байгуулдаг тус Бага хуралд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Япон гэсэн Зүүн хойд Азийн зургаан улсаас гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц Улс, НҮБ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Европын холбоо, Олон улсын эрчим хүчний агентлаг зэрэг олон улсын зарим байгууллагын төлөөллөөс бүрдсэн дотоод, гадаадын нийт 170 гаруй төлөөлөгч, эрдэмтэн, судлаачид оролцсон билээ.
Бага хурлын хүрээнд “Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын орчны үндсэн өөрчлөлт”, “Хэтийн замнал: Зүүн хойд Ази дахь аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулах нь”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хэлхээ холбооны үр нөлөө”, “Зүүн хойд Ази дахь байгаль орчны аюулгүй байдлын хамтын ажиллагааны үр нөлөө” гэсэн дөрвөн салбар хуралдаан болж байв. Мөн бүс нутаг дахь сорилтуудыг хэлэлцэж, эрчим хүчний хэлхээ холбоог хөгжүүлэх, хүрээлэгч орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон юм. Энэхүү бага хурлыг ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэн, ГХЯ хамтран зохион байгуулсан билээ.
Одоогоос дөрвөн жилийн тэртээ буюу 2014 оны зургадугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байв. Есдүгээр сарын 30-ны өдөр Гадаад Харилцааны Яам, Стратегийн Судалгааны Хүрээлэн хамтран энэхүү хурлын үеэр тавигдсан илтгэлийг нэгтгэн эмхэтгэж англи хэлээр хэвлэн гаргасан байдаг.
Хуралд газар зүйн байрлалаараа Зүүн хойд Азид шууд хамаарах Монгол Улс, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Умард Солонгос гэсэн зургаан орноос гадна тус бүс нутагт нөлөөлийн хүрээ өндөртэй АНУ, Их Британи, Герман, Нидерланд гэсэн нийт 10 орны 35 эрдэмтэн судлаач нар оролцсон билээ.
Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ зохион байгуулах бүрэн боломжтой, чадвартай, нэр хүндтэй улс хэмээн хуралд оролцогчид үнэлж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тохирч байв.