Улсын хэмжээнд оны эхний зургаан сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 669 хүн амиа алджээ
7 сарын 7, 2021

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний зургаан сард нийт 2,036 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 669 хүн амь насаа алдаж, 103,271 хүн гэмтэж /өвчилж/, 10.8 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 17.6  хувиар буурсан

 байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын төрлөөр нь задлан өмнөх оны мөн үетэй харьцуулахад газар хөдлөлт 6.8 дахин, хүчтэй салхи, шуурганы тохиолдол 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа бол объектын гал түймэр 28.5 хувиар буурчээ.

Тээврийн хэрэгслийн ослын 32 дуудлагад 239 хүн, 55 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 12 хүнийг аварч, 14 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн, өвчилсөн хүн өмнөх оны мөн үетэй харьцуулахад дараах байдалтай байна. Нэрвэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын төрлийн 35 хувийг объектын гал түймэр, 32 хувийг усны осол, 11 хувийг хүчтэй салхи, шуурга эзэлжээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн давхардсан тоогоор нийт 24,334 хүн, 4,727 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 1,966 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 49.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.