“Хубилай хаан” медалиар таван эрдэмтэн шагнууллаа
7 сарын 8, 2021

“Хубилай хаан” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.07.08/ ШУА-ийн байранд боллоо.

Энэ онд Ардын хувьсгалын 100, Монгол улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100, ШУА байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна.

Тус ойн хүрээнд  ШУА-иас  “Хубилай хаан” медалийг дотоодын 4, гадаадын 1 эрдэмтэнд олгохоор болсон юм.  

Шинжлэх ухааны Академийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжпэх ухааны нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжлийн өндөр ур чадвартай Монгол улсын болон гадаадын эрдэмтэнд, мөн Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд олгодог журамтай юм.

 Түүхэн ой тохиосон өнөө  жил тус  нэр хүндтэй шагналыг  Д.Баатар, Ж.Гүррагчаа, Л. Жаргалсайхан, Б.Цогтбаатар, И.В.Пузынин нарт олголоо.  

Монгол улсын Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг анх 2008 онд бий болгожээ.   

 “Хубилай хаан” медалийн эзнээр тодорсон эрдэмтдийг танилцуулж байна.

                                                                             Академич  Думаагийн  Баатар

Д.Баатар 1941 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Таринь хэмээх газар төржээ. Тэрээр  1965 онд ЗХУ-д Москвагийн Их Сургуулийг Биофизикч мэргэжлээр төгссөн. 1965-1969 онд ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхий Генетикийн хүрээлэнд аспирантурт суралцан, “Селекцийн туйлшрал үүсэх шалтгаан” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн (Ph.D)-ий зэрэг хамгаалсан. 1969- 1990 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийн эрхлэгч, Биотехнологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж, 1982 онд “Шинэ хэвшлийн саарал каракуль хонь бий болгосон экологи генетикийн үндэс” сэдвээр шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалжээ. 1991-1996 онд ШУА-ийн ерөнхийлөгчөөр, 1996-2015 онуудад Биологийн хүрээлэнгийн Генетик нөөцийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байгаад, Улаанбаатарын Их Сургуульд багшаар ажиллаж байна.

Монголын нутгийн үүлдрийн хонины олон янз өнгө зүсний генетик тогтолцоог томьёолж, Монгол хонины цэнхэр зүсний We m- генийг ашиглах генетик селекцийн арга боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэн цэнхэр каракуль хонины шинэ удам гарган (БНМАУ, ХААХҮЯ, Сайдын тушаал, А/29, ESI 2.7) Т.Ваанчиг Ц.Тэрбиш, П.Нямдовчин, Б.Цагаач нарын хамт “Сүмбэр” каракуль шинэ үүлдрийн хонь зохион бүтээж батлуулжээ. Академич Баатарын бүтээсэн шинэ удмын цэнхэр каракуль хонины хурганы арьс Говьсүмбэр  аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг болсон эрэлт хэрэглээ ихтэй бүтээгдэхүүн юм.

Академич Д.Баатар сүүлийн жилүүдэд Хүдрийн заарны мускон, дэрэвгэр жиргэрүү (Sapojnikova divercata), цуулбар балдаргана (Heracleum dissectum Ldb.), намгийн сургар (Ledum palustre L.зэрэг эмийн ургамлын биологийн идэвхт байгалийн нэгдлүүдийн дагнасан ба хавсарсан үйлчилгээг судлан мэдрэлийн эсийн төлжилт болон бусад эд эс, тухайлбал, хавдрын эсэд хэрхэн нөлөөлж буйг судалж байна.

Д.Баатар ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Монголын ШУА-ийн Эрхзүйн байдлын тухай хуулийг 1996 онд Монгол Улсын Их Хурлаар батлуулжээ. Мөн шинжлэх ухаан, боловсролын холбоог нягтруулах үүднээс ШУА-ийн дэргэд академийн хүрээлэнгүүдэд суурилсан “Технологийн дээд сургууль” санаачлан байгуулсан нь одоо Улаанбаатарын Их Сургууль нэртэй ажиллаж байна. Академич А.Дулмаа, профессор Ганболд нартай хамтран Улаанбаатарын их сургуульд Биологийн ангийг нээсэн нь одоо хэд хэдэн төгсөлт хийлгэж амжилттай ажиллаж байна.

Д.Баатар судалгаа шинжилгээний болон нийтэд зориулан олон тооны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн болно.

Академич Д.Баатар 1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль1996 онд  Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон2008 онд ОУ-ын намтар судлалын төвийн “Топ 100” медалиар тус тус шагнагджээ.

  

 Монгол Улсын сансрын нисэгч, техникийн ухааны доктор Жүгдэрдэмидийн Гүррагчаа

Зөвлөлт Холбоот Улс, Монгол Улсын баатар, Монгол Улсын сансрын нисэгч, техникийн ухааны доктор, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь 1947 оны 12 дугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт малчин ард Жүгдэрдэмидийн гэр бүлд ууган хүү болон мэндэлжээ. 1956-1960 онд Гурванбулаг сумын дунд сургууль, дараа нь Хишиг-Өндөр сумын дунд сургууль, Булган аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийг амжилттай дүүргэсэн байна. 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаж, улмаар 1973 онд Москва хотын Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академийг төгсгөсөн юм. 1977 оны 10 дугаар сард Олон улсын Интеркосмос хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас сансрын нислэгт оролцох хүмүүсийн сонгон шалгаруулалтад амжилттай оролцож тэнцэн Зөвлөлт Холбооны Улсын Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд тусгай хөтөлбөрийн дагуу сансрын нислэгт бэлтгэж эхэлсэн. Гурван жилийн турш шаргуу бэлтгэл сургуулилт хийсний дараагаар 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Байконурын сансрын буудлаас “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч Монгол улсын анхны, дэлхийн 101 дэх сансрын нисэгч болсон юм. Сансрын тойрог замд Салют-6” сансрын станцтай холбогдон сансарт 7 хоног, 20 цаг 42 минут амьдарч ажиллах хугацаандаа төлөвлөгдсөн шинжлэх ухааны хөтөлбөрийг бүрэн гүйцэд биелүүлж 25 туршилтыг амжилттай хийжээ. Эдгээр туршилтуудын үр дүнд Монгол улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглалыг хийх, цэнгэг усны нөөцийг тодорхойлох зорилгоор анх удаа Монголын уулархаг нутгийн мөлжилтийн зургийг авч, зайнаас тандах судалгаа явуулсан нь онолын болон практикийн ач холбогдол бүхий судалгаа туршилтын ажлууд болсон юм. Сансар огторгуйн уудмаас геологи, газар төлөвлөлт, хөдөө аж ахуй, мөсөн бүрхүүл судлал, газрын гадаргуу судлал, ус цаг уур, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар Монгол орны нутаг дэвсгэр дэх байгалийн объектуудыг ажиглах 14 даалгаврыг гүйцэтгэсэн юм. 

Зөвлөлт Монголын сансрын хамтарсан нислэгийн үед түүний гүйцэтгэсэн эдгээр судалгаа туршилтын ажлууд нь Монгол Улсад сансар судлалын шинжлэх ухаан, зайнаас тандан судлах судалгааны чиглэлийг хөгжүүлэх үндэс суурь болсон юм.

Өнөөдөр Зөвлөлт Холбоот Улс, Монгол Улсын баатар, Монгол Улсын сансрын нисэгч, техникийн ухааны доктор, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсад сансар судлалын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус, бизнесийн байгууллагын судлаачидтай хамтран идэвхтэй ажиллаж байна. Хүн төрөлхтний одон орон сансар судлалын шинжлэх ухааны ололт амжилт, олон улсын сансрын техник технологийн хөгжлийг Монголын нийгэмд таниулан сурталчлах, Монголыг хүүхэд багачууд, оюутан сурагчид, залуу ирээдүйг эрдэм мэдлэгтэй, бүтээлч, шинжлэх ухаанч иргэд болгон төлөвшүүлэн хүмүүжүүлэхийн төлөө бүхий л боломж эрч хүчээ зориулан ажиллаж байгаа Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн эгэл даруу эрдэмтэн хүн билээ.

 

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, химийн ухааны доктор (Ph.D), профессор Л.Жаргалсайхан

 

Доктор (Ph.D), профессор Л.Жаргалсайхан нь 1991 онд ОХУ-ын Москва хотын Д.И.Менделеевийн нэрэмжит Хими-технологийн дээд сургуулийг инженер-хими-технологич мэргэжлээр төгссөн бөгөөд 1991-2003 онд ШУА-ийн Химийн хүрээлэнгийн органик бус химийн тасагт эрдэм шинжилгээний дэд ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, 2003-2017 онд Байгаль орчны яаманд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинжээч, мэргэжилтэн, Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, мэргэжилтэн, 2017 оноос өнөөг хүртэл ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлаар үр бүтээлтэй ажиллаж байна.

Тэрээр судалгаа шинжилгээний ажлын хүрээнд Эрдэнэтийн УБҮ-ийн зэсийн хүдрийг баяжуулахад синтезийн шинэ бодис ашиглахзэсийн баяжмалыг пиро-, гидрометаллургийн аргаар боловсруулах, баяжуулалтын хаягдлыг цахиурлаг түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжийг эрэлхийлснээр зэсийн баяжмал дахь түүний сульфидуудыг хялбар уусамтгай сульфатын хэлбэрт шилжүүлэх технологийн горимыг боловсруулж, баяжмал дахь зэсийг хүчил ашиглахгүйгээр 85-90%-ийн гарцтайгаар усаар хандалж, уг уусмалаас катодын зэс гарган авах боломжтойг анх тогтоосон. Мөн синтезийн шинэ бодис виндидатыг хөвүүлэн баяжуулах технологиор зэсийн хүдрийг боловсруулахад ашигласнаар Эрдэнэтийн УБҮ-т хэрэглэдэг уламжлалт урвалж-бутилксантогенаттай эн тэнцүү баяжуулах идэвхтэй болохыг тогтоов. Улмаар баяжуулалтын хаягдлыг нарийвчлан судалж, шатаалтын болон шатаалтын бус аргаар ердийн болон өнгөлгөөний тоосго, хөнгөн бетон үйлдвэрлэх технологийг боловсруулсан байна. Зэсийн хүдэр, түүний боловсруулалтын хаягдлыг боловсруулах хими-технологи, мангани, төмрийн хүдрийг баяжуулах, байгаль орчны бохирдлын чиглэлээр нийт 10 ном, гарын авлага, 30 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг бичиж, 4 патент, ашигтай загварын зохиогчийн эрх хамгаалсан.

БОЯ-нд ажиллаж байх хугацаандаа химийн бодисын болон хог хаягдлын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, химийн бодисын талаарх олон улсын гэрээ конвенцийг Монгол Улсад хэрэгжүүлэх, химийн бодисын зохистой менежментийн талаар сургалт сурталчилгаа явуулах, химийн бодисын бохирдлыг арилгах чиглэлээр голчлон ажиллаж, Химийн хорт  болон аюултай бодисын тухай хууль /2006/, Хог хаягдлын тухай хууль /2012, 2016/, Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөр /2006, 2014/ болон эдгээр хуулийг дагаж гарах журам, дүрэм, жагсаалтыг боловсруулж батлуулсан ба Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц /2003/, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг /2015/ тус тус УИХ-аар соёрхон батлуулжээ.

 ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), профессор  Б.Цогтбаатар

Батмөнхийн Цогтбаатар нь 1967 онд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1985 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1988-1992 онд УБИС-ийн Түүх-Нийгэм судлалын ангид суралцаж төгссөн. 1999 онд "Дорнод Монголын палеолитын үе" сэдвээр түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2007 онд дэд профессор, 2019 онд профессор цол хүртжээ. 

Б.Цогтбаатар нь Монголын түүхийн нэн эртний үе, түүний дотор чулуун зэвсгийн үеийн зангилаа асуудлаар судалгаа хийдэг. Язгуурын монголчуудын голомт нутаг Онон, Хэрлэн голын сав нутгийн хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгалуудыг шинээр илрүүлэн, анх удаа тусгайлан судалж, энэ түүхэн бүс нутагт дунд палеолитын үеэс олон мянган жилийн турш эртний хүн оршин амьдарч байсныг баттай тогтоосноор шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Тэрээр үндэсний болон олон улсын 20 гаруй эрдэм шинжилгээний төслийг удирдан ажилласан бөгөөд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”, “Их Бурхан Халдун уул, түүний орчмын тахилгат газар нутаг”-ийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэх ажилд археологичдоо төлөөлөн оройлон оролцсон юм. Мөн “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийг шинэчлэн боловсруулах, холбогдох дүрэм, журмыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажилд идэвхтэй оролцож иржээ.

Нэгэн сэдэвт болон хамтын бүтээл 30 гаруйг бичиж хэвлүүлсэн ба 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлийг дотоодод болон Япон, Солонгос, Орос, Америк, Бельги, Турк, Хятад зэрэг улсын мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн байна.

Б.Цогтбаатар нь Монголын эртний түүх, соёлын дурсгалыг судлах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, эрдэмтэн судлаачдын залгамж үеийг бэлтгэх, археологийн шинжлэх ухааны салбарын бодлого, удирдлага, зохион байгуулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэсний соёлын өвийг дэлхийн жагсаалтанд бүртгүүлэх, археологийн дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, судалгааны ажлын онол арга зүйг хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл хэрэгт 30 орчим жил хүчин зүтгэж, бодитой хувь нэмэр оруулж буй археологийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн юм.

 ОХУ-ЫН ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨХ, ФИЗИК-МАТЕМАТИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР,

ПРОФЕССОР И.В.ПУЗЫНИН

 ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн захирлын зөвлөх, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор И.В.Пузынин нь тус институтад ахлах лаборантаас лабораторийн захирал хүртэлх албыг тасралтгүй 61 жил хашиж байгаа бөгөөд түүний удирдлага дор физик системийн олон параметрт шугаман бус загварыг ойролцоо бодох аргын онолын үндэслэл, практик хэрэглээний шинэ чиглэлүүд ЦШНИ-д үүсэн хөгжсөн билээ. Улмаар мюон катализ, цөмийн физик, квант хромодинамик, конденсацилагдах орчны физик зэрэг салбарт шинэ чухал үр дүнгүүд гарган авсан. Түүний удирдлага дор Тооцон бодох, математик физикийн шугаман бус бодлогууд, эдгээрийн математик болон програм хангамж” , Онолын ба туршилтын шинжилгээнд компьютерийн физикийн хэрэглээ зэрэг институтын сэдвүүд амжилттай хэрэгжсэн байна. 1998 оноос эхлэн түүний санаачлагаар тооцоолох физикийн чиглэлийн олон улсын эрдэм шинжилгээний хурал тогтмол амжилттай явагдаж байна. Тэрбээр 390 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. И.В.Пузынин эрдэм шинжилгээний ажлынхаа зэрэгцээ Москва болон Тверийн их сургуульд профессороор ажиллан олон зуун шавь бэлтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч юм. И.В.Пузынин нь 11 горлигчийн докторын, 8 горлигчийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах диссертацийг тус тус удирдаж, зөвлөхөөр ажилласан.

Түүний хөдөлмөрийн амжилтыг үнэлж ОХУ-ын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цол, эх орны өмнө гавъяа байгуулсны төлөө II зэргийн одон, Москва хотын 850 жилийн дурсгалЦШНИ-д Польш улс нэгдсэний 50 жил, Словак улсын Кощице хотын Техникийн  их сургуулийн алтан медалиар тус тус шагнажээ.

Профессор И.В.Пузынин нь сүүлийн 40 гаруй жил монголын математикч эрдэмтэдтэй үр бүтээлтэй хамтран ажиллаж Д.Баатар, О.Чулуунбаатар нарын доктор диссертаци удирдан хамгаалуулснаас гадна Т.Жанлав, О.Чулуунбаатар нарын шинжлэх ухааны  докторын диссертацийн зөвлөхөөр ажилласан ба сүүлийн жилүүдэд доктор Б.Батгэрэлтэй хамтран ажиллаж байна.

Профессор И.В.Пузынины хөгжүүлсэн Ньютоны аргын тасралтгүй адилсгалыг цаашид улам боловсронгуй болгож, физикийн шугаман бус бодлого бодоход хэрэглэх, Ньютон төрлийн аргуудыг орчин үеийн төвшинд хүргэхэд түүний шавь нар болох Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Жанлав, О.Чулуунбаатар нар ихээхэн үр бүтээлтэй ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.

Физик-математикийн шинжлэх ухааны доктор Т.Жанлав 2008 онд,  физик-математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар 2018 онд тус тус Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдож Академич хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэцгээсэн билээ. Академич Т.Жанлав, Академич О.Чулуунбаатар нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа үр дүнгээр 2012 онд Монгол улсын Төрийн Соёрхолоор шагнагдсан болно.

Монгол улсад тооцон бодох математикийн чиглэлээр өндөр мэргэжилтэн бэлтгэхэд И.В.Пузынины оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж МУИС-ийн хүндэт профессор цол хүртээсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын шагнал Найрамдал медалиар шагнасан байна.