Олимпод оролцох Монголын багийн түрүүч Токио хотод очлоо
7 сарын 17, 2021

Олимпын наадамд оролцох Монголын багийн эхний тамирчид Япон улсын нийслэл Токио хотноо долдугаар сарын 16-нд газардлаа. Бокс, 3х3 сагсан бөмбөг, сэтгүүлчдийн төлөөлөл болон МҮОХ-ны штабын ажилтнууд бүхий 25 хүний бүрэлдэхүүнтэй баг Японд хүрэлцэн очоод байна.

Токиод очсон төлөөлөгчдийг маш нарийн хяналт шалгалтын дор цааш нэвтрүүлж байгааг багийн гишүүд мэдээлжээ. Манай боксчид олимпын өмнөх бэлтгэлээ Шимада хотноо базаах бол 3х3 сагсан бөмбөгийн баг Яизү хотноо бэлтгэл сургуулилтаа хийх юм.
 
Сагсчдын хувьд 24-нд Итали, АНУ-ын багтай эхний тоглолтоо хийх хуваарьтай. Мөн тус өдөр боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн тулаанууд болох юм. Харин 25-ны өдөр Монголын тамирчид тулалдах эрэгтэйчүүдийн 63 кг, эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн тоглолтууд эхэлнэ.