Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман 2021 оны долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагатай тус тус уулзана.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзах бөгөөд уулзалт ярианы үеэр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш улс болохыг нотолж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзана.