Коронавирусийн дельта хувилбараар өвчилсөн тохиолдолд илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Уг хувилбараар халдварласан тохиолдолд
- Суулгах
- Хамар битүүрэх, нус гоожих
- Булчин өвдөх
- Урт хугацаагаар толгой өвдөх
- Бөөлжих
- Хоолой өвдөх
- Бие тавгүйрхэх, ядрах шинж тэмдэг илэрдэг байна.
Дээрх шинж тэмдэг илэрвэл коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгөх шаардлагатай юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд дельта хувилбарын талаар долдугаар сарын 20-ны өдөр мэдээлэхдээ "Өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ. Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дельта хувилбарын гурван тохиолдол бүртгэгдсэн" хэмээж байв.
Түүнчлэн сайд С.Энхболд "Дельта хувилбар нь альфаг бодвол маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Энэ нь эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг" гэж мэдээлсэн юм.