УОК-оос орон нутагт наадам хийх шийдвэр гараагүй
7 сарын 24, 2021

Монголын үндэсний бөхийн холбоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан бөхийн барилдааныг задгай талбайд зохион байгуулах, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах шийдвэр гарсан хэмээн мэдээлжээ. Энэ талаар Шадар сайдын хэвлэлийн албанаас тодруулахад "УОК-ын өчигдрийн хуралдаанд санал орж ирсэн. Гэхдээ наадам хийнэ гэсэн шийдвэр гаргаагүй. 

Гадна талбайд тэмцээн хийх асуудлыг тухайн орон нутгийн халдварын нөхцөл байдлаас хамаараад аймаг, нийслэлийн Засаг дарга нарт онцгой комиссоороо шийдвэрлэх чиглэлийг УОК-оос өгсөн" гэх тайлбарыг өглөө. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд улсын болон бүсийн хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах спортын тэмцээнийг зөвхөн тухайн орон нутгийн хүрээнд зохион байгуулах эсэх асуудлыг аймаг, нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсныг өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн билээ. 

Тэгвэл Үндэсний бөхийн холбооны зүгээс фэйсбүүк хуудастаа байршуулсан мэдээлэлдээ Ерөнхий сайдаас УОК-т өгсөн чиглэлийн дагуу уг саналаа хүргүүлсэн хэмээжээ.