Говь-Алтай аймгийн Халиун сумын Ногоо булгийн гол гэдэг газарт долдугаар сарын 24-нд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан байна. Ослын дуудлагыг мөн өдрийн 18.10 цагт хүлээн авчээ.
Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19.00 цагт тус сумын Ногоо булгийн гол гэдэг газраас Халиун сумын харьяат 20 настай эмэгтэйн цогцсыг, 20.30 цагт 58 настай, эмэгтэйн цогцсыг, 21.00 цагт 62 настай, эрэгтэйн цогцсыг, долдугаар сарын 25-ны өдрийн 08.05 цагт Хар толгой гэдэг газраас долоон настай хүүхдийн цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн тус аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн Ботгон гол гэдэг газар долдугаар сарын 24-нд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай нэг хүн үерийн усанд урсчээ. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” компанийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 13.30 цагт “Зээгт” компанийн нүүрсний уурхайн 59 настай жолоочийн цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн байна.
Өмнөговьаймгийн Цогтцэций сумын Цогтцэций, Ханхонгор, Баян-Овоо сумын Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр баг, Тус сумдын нутгаар өчигдөр орсон усархаг борооны улмаас нэг айлын гэр усанд автаж, үерийн усанд автомашин суусан тухай есөн удаагийн 15 дуудлагыг хүлээн авчээ. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд, Борхой, нэг, хоёр, гуравдугаар багт өчигдөр орсон усархаг борооны улмаас сумын нийтийн орон сууцны дөрвөн барилгын орц, хоёр айлын гэр, таван айлын байшин, нэг хүнсний дэлгүүр үерийн усанд автсан байна.