ТБХ: Төсөв, санхүүгийн чиглэлээр өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн 73.7 хувийг хэлэлцэн батлуулав
7 сарын 26, 2021

Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хуулиар олгогдсон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, төсөв, санхүүгийн чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нийт хууль тогтоомжийн төслийн 73.7 хувийг хэлэлцэн батлуулжээ. 

    Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь Байнгын, дэд, түр хорооны хэвийн үйл ажиллагааг хангах, тасралтгүй явуулах зорилгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэн цахимаар хуралдаж, хуульд заасан нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаа. 

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаарх статистик үзүүлэлт:

    Байнгын хороо тайлант хугацаанд нийт 13 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцэж, цар тахлын үед иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эдийн засгаа дэмжихэд чиглэсэн иргэдийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарал хандуулсан олон чухал асуудлыг тухай бүр шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өндөрлүүлэв. 

Баталсан хууль, тогтоолын талаар: 

    Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих урамшуулах чиглэлээр бүхий л боломжийг ашиглаж, цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон шийдвэрүүдийг Улсын Их Хурлаас шуурхай хэлэлцэн шийдвэрлэсэн.

   Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд батлуулсан томоохон хууль, тогтоолын талаар товч дурдвал: 


 Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас төсөвт үүсээд байгаа өөрчлөлтийн нөлөөллийг тооцон төсвийн тусгай шаардлага, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг дахин тодорхойлж, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн хуулийг хүчингүй болгон тус хуулийн үйлчлэх хугацаанд мөрдөгдсөн хязгаарлалтуудыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаар төсвийн тусгай шаардлагуудыг үе шаттайгаар төсвийн бодлогын баримт бичигт баримтлах нөхцөлийг бүрдүүллээ.

 Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан. Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төсөлд Коронавируст халдвар /Ковид-19/-ын эмчилгээ, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор зөвхөн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 241.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 493.9 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгав. 

   Халдварын тархалт нэмэгдсэнтэй уялдан гарч байгаа эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай ECMO, CRRT, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нийслэлийн хэмжээнд ковидын нэмэлт 2,000 ор дэлгэхэд шаардагдах зардал нийт 110.0 тэрбум төгрөгийг;

    Резидент эмч нар, эрүүл мэндийн чиглэлээр төгсөх дамжаанд суралцаж байгаа оюутан, сайн дурын ажилчдыг цар тахлын эсрэг тусламж үйлчилгээг хүргэхэд эмнэлэгт нэмэлт хүч болгон  ажиллуулахад шаардагдах цалингийн зардал 3.7 тэрбум төгрөгийг;

    Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дэмжих зорилгоор “улаан бүс”-д ажиллаж байгаа 13.0 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоход зориулж нийт 45.6 тэрбум төгрөгийг;

    Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61.9 тэрбум төгрөгийг;

   Манай улсад тархсан Ковид-19 вирусийн төрөл, хэлбэр болон вирусийн эсрэг хийсэн вакцины үр нөлөө,  дархлааны хамгаалах идэвхийг судлах судалгаанд зориулж 2.4 тэрбум төгрөгийг;

    Хүн амд халдварт вирус болон түүнээс урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд эмчлэх талаар зохих мэдлэг, мэдээлэл олгох, заавар зөвлөмжийг хүргүүлэхэд зориулж 6.6 тэрбум төгрөгийг;

   Эрүүл мэндийн салбарын мэдээллийн цахим нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, өвчтөний мэдээлэл, өвчний түүх, дүрс оношилгооны мэдээллийг архивлан хадгалах, мэдээлэл солилцох, телемедицин, зайн анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлэхэд шаардлагатай программ хөгжүүлэлт, коронавируст халдвар (КОВИД-19)-ыг илрүүлэх болон дархлаажуулалтын цахим системд нэмэлт өөрчлөлтийг хийхэд нийт 3.0 тэрбум төгрөгийг;

    Эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагатай болон Вакцины хяналтын лабораторийн ТЭЗҮ боловсруулахад шаардагдах зардал 8.0 тэрбум төгрөгийг тус тус тусгасан.




    Иргэдийн орлогыг хамгаалах, амьжиргааг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг 2021 оныг дуустал үргэлжлүүлэхээр тооцож төсвийн тодотголоор холбогдох зардлыг шийдвэрлэлээ. Үүнд:

    1.Ковид-19 цар тахлын тархалт өндөр  хэвээр байгаа нь эм, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нэн шаардлагатай бараа, үйлчилгээний   худалдан авалтад нөлөөлж,  өрх, иргэдийн орлогод эрсдэл үүсэхээр байгааг харгалзан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгөөр 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл олгох байсан хугацааг сунгаж 2021 оныг дуустал үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү арга хэмжээнд нийт 576.0 тэрбум төгрөг нэмж тусгасан.

   2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон өнчин хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн  хэмжээгээр нь  2021 оныг дуустал хугацаанд  үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд нийт 42.9 тэрбум төгрөг төсвөөс нэмж тусгасан.


    3.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр батлуулсан.Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж хомсдохын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг бий болгоод байна. Короновируст цар тахлын нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлөхөөр боллоо. Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааныхүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг төсвийн дараагийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгохоор шийдвэрлэсэн. 


    4.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр батлуулсан. Сүүлийн жилүүдэд газрын тосны дайвар бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг бүтээгдэхүүний импорт 2015 оноос огцом өсч байгаа нь хуурамч шатахуун үйлдвэрлэлийг нэмэгдүүлж болзошгүй тул иргэдэд хуурамч шатахуун нийлүүлэхээс сэргийлж, газрын тосны дайвар бүтээгдэхүүн болох хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилат болон керосинд онцгой албан татварыг ногдуулж, биет нэгжид 1 тонн тутамд 285 000 төгрөгөөр тогтоож, хуулийг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ. Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглаж, технологийн дагуу шатахуун үйлдвэрлэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ хуулиар зогсоохгүй байх, түхий эд импортоор оруулж ирэхэд нь тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлыг судлан үзэж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналаа танилцуулах нь зүйтэй гэж үзэж, Засгийн газарт хуралдааны тэмдэглэлээр чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн. 


    5.“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлаар батлуулсан. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд 32 төсвийн ерөнхийлөн захирагчийн 1000 улсын төсөвт байгууллага, орон нутгийн 3336 төсөвт байгууллага, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл, татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, үр дүн, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэрэгтэй танилцаж, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 6,829,026.3 сая төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг 10,735,610.8 сая төгрөгөөр баталж, төсвийн ашиг, алдагдлын хэмжээг тодорхойлов. 


 Төсвийн байнгын хороо