Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт УБТЗ-ын харьяа ачааны галт тэрэг осолдож тээвэрлэж явсан газрын тосны бүтээгдэхүүн асгарч байгаль орчинд ихээхэн хохирол учруулаад байгаа. Осол нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас 207 км, Орхонтуул сумын Рашаант багаас 3 км, Орхон голоос 5 орчим километрийн зайтай Бүрдийн хөтөл гэх газарт гарсан.
Түлш асгарсан газарт мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаль орчны бохирдлыг бууруулах нэн шаардлагатай анхан шатны арга хэмжээнүүдийг авч, саармагжуулах, хөрс хуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран байгаль орчны нөлөөллийн хохирлын үнэлгээг тогтоох, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хоёр мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Улаанбаатар төмөр замын харьяа хөдөлмөр аюулгүй байдлын нэгдсэн лабораториос сольц авагч, Онцгой байдлын газрын ажилтан албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шатахуун асгарсан хэсгийн талбайг нарийвчлан тогтоож, гурван хэсэгт хөрс, шар усны үер, борооны улмаас тогтсон намгийн уснаас дээж авсан юм. Нийт 9 вагон замаас гарч унаснаас 7 нь түлш, шатахуун тээвэрлэсэн байсан бөгөөд 2 вагоны түлш таллаж асгарч, вагон савны ёроол цоорсноос шатахуун бүрэн асгарсан байна. Эвдэрсэн вагонуудаас 277.8 тонн шатахууныг зориулалтын тээвэрлэгч машинаар соруулан авсан бөгөөд нарийвчилсан хэмжилтээр нийт 150.5 тонн шатахуун хөрсөнд асгарч, 29976 м.кв буюу 2.99 га талбай хамарсныг тогтоожээ.
Байгаль Орчны Шинжилгээний лабораторийн сорилын дүнгээр шар усны эргээс авсан дээжээс нефтийн бүтээгдэхүүн 0.007 мг/л, эргээс 30-40 метрийн зайнаас авсан дээжээс 0.017 мг/л нефтийн бүтээгдэхүүн илэрсэн байна.
Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс стандарт хэмжээнээс хамгийн их давсан бохирдол нь 50 см гүнд тогтоогдсон. Тус газрын ургамлын хэв шинжийн хувьд үетэн-алаг өвст, голын хөндий, малын бэлчээр бүхий хөнгөн хүрэн хөрстэй.
Төмөр замын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, сорьц авагч нар, Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагч нартай мэдээлэл солилцон, тухайн газрын түлш асгарсан хэсгүүдийг саармагжуулах, нефтийн бүтээгдэхүүн борооны тогтоол ус, намагт илэрсэн учир тунамал шүүх далан 2-3 давхар татах, Ус, хөрсний дээж авах мониторингийн цэг тогтоох , Бохирдсон газруудыг хашиж, нөхөн сэргээлт хийж, нарийн мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд үүссэн, нөлөөлөл хохирлын үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна.
Цаашид хөрсний бохирдлыг бууруулах, саармагжуулах, хуулсан хэсгийг нөхөн сэргээх, шаардлагатай арга хэмжээг авах юм.