Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 28 барилга байгууламж болон дэд бүтэц, хүнд даацын 1,4 км авто замын ажлууд хийгдэхээс гадна инженерийн шугам сүлжээ төвийн шугамд бүрэн холбогдох юм. Замын-Үүдийн Боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар 4000 суудлын автомашин, 500 гаруй том оврын ачаа тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачаа тээврийн хүчин чадал 3 дахин нэмэгдэх юм.
2019 оны 09 сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41%-ийн гүйцэтгэлтэй байгаа ба Ковид-ын нөлөөтэй олон шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 21%-иар хоцорч байгаа аж. Тухайлбал, Хил хаалттайн улмаас барилгын материалын нөөц хангамж тасалдсаны зэрэгцээ боловсон хүчний асуудал үүсжээ. Улсын Засгийн газрын 2020 оны 168 дугаар тогтоолоор тус төслийн гадаадын ажиллах хүч 510 байхаар шийдвэрлэсэн ч, одоогоор төслийн талбай дээр 89 хятад ажилтан, 40 гаруй монгол ажилтан ажиллаж байна.
Төлөвлөгөө ёсоор Замын-Үүдийн Боомтын өргөтгөл 2022 онд ашиглалтад орох боловч хугацаандаа амжихгүй тул гэрээг сунгах саналтай байгаагаа илэрхийлэхэд Шадар сайд боломжгүй гээд ачаа тээврийн хэсгийг 10 дугаар сард, зорчигч тээврийн хэсгийг 12 дугаар сард ашиглалтад өгөх бэлтгэлээ ханган шахаж ажиллахыг даалгалаа.
Боомтуудын өргөтгөлтэй холбоотой Авто замын барилгын ажилд шаардагдах ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫГ АШИГЛАХ Засгийн газрын тогтоол гаргуулах, төслийн ажилд ашиглах бараа материалыг ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД, ГАНЦМОД-ГАШУУНСУХАЙТ БООМТ, ХОТ, СУМ ХООРОНД ТЭЭВЭРЛЭЛТИЙН асуудалд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээ Шадар сайд энэ үеэр уламжилсан юм.