Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /07.29/ боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм. Үндсэн хөрөнгийн менежментийн систем гэдэг нь авто замын засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай, стратеги зорилтын хүрээнд авто замын чанар байдлын түвшнийг дээшлүүлэх урт хугацааны менежментийн бодлого юм. Тус бодлого нь үндсэн дөрвөн хүчин зүйлээс бүрддэг бөгөөд цогцоор хэрэгжүүлснээр авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх боломжтой. Уг системийг нэвтрүүлж чадвал авто замын засварын ажлыг үр ашгаар нь эрэмбэлэн, тухай бүрд нь ээлжит засвар хийснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэх юм. Нийслэлийн авто замын сүлжээнд нийт 1563 км зам багтдаг. Үүний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийх, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна. Зам засварын ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зам хариуцагч компани бий болгох шаардлагатай бөгөөд төрийн өмчийн байгууллага эсвэл хувийн хэвшлийн байгууллагын аль нь ч байж болно гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. Харин зам хариуцагчтай менежментийн гэрээ хийх ба сонгон шалгаруулалтыг санхүү болон туршлага дээр үндэслэн хамгийн багадаа гурван жилээр гэрээ байгуулах юм. Нийслэлийн авто замын засварын ажлын төлөвлөлтийг чанар байдлын түвшин, хагарлын шалтгаан болон засвар арчлалтыг үндэслэн боловсруулснаар одоо байгаа авто замын сүлжээний засвар арчлалтын хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ
Зөвлөлийн хурлаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцлээ. НИТХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд баталсан тогтоолд таван бүлгийн 719 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр 65 ажил тусгагдаж 69 хувьтай, газар зохион байгуулалтын чиглэлээр 376 ажил тусгагдаж 70 хувьтай, хот байгуулалтын чиглэлээр тусгагдсан 87 ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх тухай захирамж гаргасан. Тус захирамжийн дагуу найман дүүргийн 246 байршил дахь 952 зөрчлийг илрүүлж, 62 байршлын 395 зөрчлийг арилгаснаар 70.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө төрхийг сайжруулах, нийтээр ашиглах газрын хил заагийг тогтоох, хамгаалах зорилгоор 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэлээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэхээр 18 байршлын 6.742 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон, газрын мэдээллийн санд бүртгэхээр төлөвлөжээ.
500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл, хөтөлбөрт Авто замын сүлжээг шинэчлэх тухай асуудал орсон. Авто замын түгжрэлд шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог замын 33 км, гол ба туслах замын 28.8 км замын зураг төслийг баталсан билээ. Тэгвэл үлдсэн замаас 106.5 км замын зураг төслийг энэ жилдээ багтааж дуусгаснаар 2022 оноос авто замын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ирэх оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм. Харин авто замын түгжрэлд нөлөөлөх шинэчлэлийн хүрээнд үлдсэн 54.8 км замын зураг төслийг Дэлхийн банкны зээлээр хэрэгжүүлэхээр хуваарилалтыг хийжээ. Уг төсөлд багтсан бас нэг асуудал бол нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуй нэгж, байгууллагын 98 чиглэлийн 960 автобус, троллейбус өдгөө үйлчилгээнд явж байгаагаас ирэх жилүүдэд 500-600 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Энэ онд нийт 106 автобусыг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авахаар төлөвлөснөөс эхний ээлжийн 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ ондоо багтаан шинэчлэхээр ажиллаж байгаа юм.