Шадар сайд С.Амарсайхан Зам-Үүдэд ажиллаж төрийн албан хаагчидтай уулзах үеэрээ тээврийн зардлыг яаралтай буулгахгүй бол төр өөрөө татан авалтыг зохион байгуулж үнийн зохиомол хөөрөгдлийг зогсоох арга хэмжээ авах талаар хэллээ.
Тэрбээр "Эрээн талд ачаа илгээгч хэсэг, манай талд ачаа хүлээн авагч хэсэг бүлэг бий. Хоорондоо үгсэж, зохион байгуулалттайгаар үнийн хөөрөгдлийг бий болгодог. Орон нутгийн хэмжээнд хил гаалийн орчимд албан бус үнэ тарифаар ачаа тээврийн үнийг хөөрөгддөг зохион байгуулалттай асуудал байна. Энэ асуудлыг хууль хяналт, мэргэжлийн болон орон нутгийн байгууллага хамтарч шийдвэрлэх хэрэгтэй.
Ямар нэгэн байдлаар албан тарифаас өөрөөр нэмэгдэл тариф тооцдоггүй байх, дундын зуучлал байхгүй болохтой холбоотой бүх талын арга хэмжээг хоёр талаасаа авч хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж, зарим арга хэмжээ манай талаас авагдаж эхэлсэн. Энэ хүрээнд томоохон өөрчлөлтүүд хийгдэж байна. Эрээн талд ч энэ ажил хийгдэх шатандаа орсон гэж үзэж байгаа.
Ачаа барааны үнийн хөөрөгдлийг багасгах, эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ. Тээврийн компани, хилийн хяналтын байгууллага, орон нутгийн захиргаа хамтран үнэ тарифын зохиомол хөөрөгдөл үүсгэхгүй байх хариуцлагын асуудлаа маш яаралтай эцэслэж үйл ажиллагааг жигдрүүлэх ёстой.
Хэрвээ богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол заавал хэдэн тээврийн компаниудыг харж Засгийн газар суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой бид тээврийн хэрэгслүүдийг гаргаж, хэвийн горимд ортол нь татан авалтыг хийх ажил руу орно" гэлээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд хилийн боомтын хяналтын бүсэд ачаатай 10, ачаагүй 290, боомтын гадна ачаатай 86, ачаагүй 600, нийт 986 ачааны машин дараалалд зогсож байгаа аж.