2021-2022 хичээлийн жил есдүгээр сарын 1-нд эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна. Шалгалт есдүгээр сарын 17-н хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд боловсролын байгууллагад дараах зөвлөмжийг өгч ажиллаж байгааг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш танилцуулав. Тэрбээр "Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсролын 959 байгууллага байгаагийн 40 орчим хувь буюу
- сургуулийн өмнөх боловсролын 226,
- ерөнхий боловсролыг 114 сургууль,
- дээд боловсролын 25 байгууллага,
- мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн зургаан байгууллага
- цэцэрлэгүүдийг хүнсээр хангахад таван байгууллага нийт 406 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгаж байна.
Хяналт шалгалтын явцад зөвлөн тусалж, сургалтын байгууллагуудад дараах зөвлөмжийг өглөө.
- Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө сургалтын байгууллагын удирдлагууд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргаж, дотоод хяналтын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах
- Байгууллагынхаа ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх
- Хичээл сургалтын болон дотуур байранд ариутгал халдваргүйтгэлээс гадна мэрэгч амьтан, шавжны устгал хийлгэх
- Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгийн зориулалтаар ашиглагдсан сургууль, цэцэрлэгүүд ариутгал, халдваргүйтгэл хийлгэхдээ онцгой анхаарах
- Хичээл сургалтын үйл ажиллагааны явцад багш ажилтан, суралцагч, дотуур байрны хүүхдээс сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад шилжүүлэх хүртэл хугацаанд тусгаалах байрыг бэлтгэх
- Цэвэрлэгээ үйлчилгээний бодис, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх
- Анги танхим, дадлагын газар, хоолны газарт сандал хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байлгах
- Нэг ангид 20-оос илүүгүй хүүхэд суралцуулах
- Дотуур байранд нэг оронд ногдох талбайн хэмжээг 4 м.кв-аас багагүй, ор хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулах
- Боловсрол, сургалтын байгууллагад бөөгнөрөл үүсэхгүй байхаар орох, гарах урсгалыг зохион байгуулах
- Анги танхимд дулааны улиралд цаг тутамд 15 минутын турш энгийн салхивчийг нээж агаар сэлгэх, өвлийн цагт механик агааржуулалтын системийг тогтмол ажиллуулах зэрэг зөвлөмжийг өгсөн" гэв.