Ховд аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, Зэрэг сумын Бургасан багийн Бөөргийн-Ам гэдэг газар таван өрхийн 26 хүн буюу 12 том хүн, 14 хүүхэд, 5,000 бог мал Бөөргийн голын усанд боогджээ. Уг дуудлагаын дагуу наймдугаар сарын 18-ны өдрийн 17:15 цагт аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан Бамбай гэдэг газар очиж, үлдсэн 10 км газрыг явганаар туулахаар болсон байна.
Хөвсгөл аймгийн төвөөс урагш 10 км-т, Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Шугуй гэдэг газар, Дэлгэрмөрөн голд дөрвөн зорчигчтой автомашин үерийн усанд автсан тухай дуудлага ирүүлжээ. Наймдугаар сарын 18-ны өдрийн 04:24 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 км замыг туулж, “Приус-20” загварын суудлын автомашинтай иргэд 2,000 бог малтай үерийн усанд автсаныг 2 цаг 04 минутын хугацаанд аварч, аюулгүй газар гаргажээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Цагаан эрэг гэдэг газар хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Дэлгэрмөрөн голын усны түвшин нэмэгдэж, нэг айл үерийн усанд автсан тухай дуудлагаар өнөөдөр 06:15 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн Б-гийн таван ханатай гэр, 2 том хүн, 3 хүүхдийг аюулгүй газарт хүргэн ажилласан байна.