Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 23 дахь “Өглөөний уулзалт”-аа эдийн засагчидтай хийж байна. Уулзалтын эхэнд тэрбээр хоёр жилийн өмнө буюу цар тахлын амаргүй цагт эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед уулзаж байсныг дурдаад өдгөө эдийн засаг энэ оны эхний 10 сарын байдлаар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг хэллээ.
Түүнчлэн "төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давж биеллээ. Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан. Энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна" гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.