2021-2022 оны хичээлийн жилд орон нутгаас оюутнуудыг хэрхэн элсүүлэх талаар Монголын их, дээд сургуулийн консорциум /МИДСК/ болон Боловсролын үнэлгээний төвийн төлөөлөл дараах мэдээллийг өглөө.
- Элсэлтийн систем наймдугаар сарын 2-нд нээгдсэн бөгөөд наймдугаар сарын 23-нд бүртгэл хаагдана. Ингэснээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлүүдэд авсан оноогоороо аль сургуульд, ямар мэргэжлээр элсэх боломжтой тухай жагсаалтыг гаргаж, сонгох эрхийг өгнө. Хамгийн ихдээ 10 мэргэжил сонгох боломжтой.
- Наймдугаар сарын 24-ний өглөө тухайн мэргэжилд та хэддүгээрт эрэмбэлэгдсэнийг гаргана. Хяналтын тоонд багтсан бол мэргэжлээ баталгаажуулна. Баталгаажуулалт 25-ныг дуустал үргэлжилнэ.
- Хяналтын тоонд багтаж чадаагүй, дундаж оноотой болон анх бүртгүүлж амжаагүй хүүхдүүдэд боломж олгох зорилгоор наймдугаар сарын 26-ны өдөр МИДСК-ын элсэлтийн системийг дахин нээж, мэргэжил сонгох эрхийг нээнэ. Хоёрдугаар шатны мэргэжил сонгох хугацаа гурван өдөр үргэлжилж, хаагдана.
- Наймдугаар сарын 29-нд эрэмбэлж, хяналтын тоонд багтсан хүүхдүүд хөтөлбөрөө баталгаажуулна.
- МИДСК-аар дамжин элссэн хүүхдүүдэд есдүгээр сарын эхээр Элсэлтийн эрхийн бичиг олгоно. Энэ дагуу тэнцсэн сургуультайгаа холбогдож, гэрээгээ байгуулж, элссэнээ баталгаажуулах юм.