Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
8 сарын 23, 2021

Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын нутаг Тариаллагийн нуур орчимд өглөө 04:37 цагт газар хөдлөлт болжээ. Гамшигт үзэгдлийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй аж. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад “Өнөө өглөө Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл нь ямар нэгэн хор хохиролгүй ч өмнө нь болсон хүчтэй газар хөдлөлтийн давтамж гэж ойлгож болно.

Сүүлийн 30 жил болоогүй хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл аймагт энэ оны нэгдүгээр сарын 11-нд болсон. Магнитуд нь 6.7 байсан. Эл хүчтэй газар хөдлөлтийн давтамж жил бүр идэвхжиж байна. Мөн Улаанбаатар хотод ч бас газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа. Хотын орчимд хоёр ч удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн” гэлээ. Газар хөдлөлтөөс гадна Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг Дэлгэр мөрний эрэг дээр зугаалж явсан хоёр хүний нэг нь усанд осолдсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр орой 18:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал, 29 настай эмэгтэй О нь усанд осолдсон байна. Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг зохион байгуулж талийгаачийн цогцсыг анх осолдсон газраас зүүн тийш 20 метр газраас олж, аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.
  • Онцгой байдлын алба хаагчид Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг Зүрх-Уул гэх газарт төөрсөн 32 настай эрэгтэй (хөгжлийн бэрхшээлтэй) иргэнийг эрэн хайж байна. Сураггүй болсон иргэний тухай дуудлага өнгөрсөн долдугаар сарын 19-нд онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Эрлийн ажиллагааг өчигдөр Зүрх уул, Баянхайрхан, Нарс зэрэг амралтын газраар явганаар 11 км-т, автомашинаар 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажиллагааг өнөө өглөө дахин эхлүүлжээ.

СЭЛЭНГЭ МӨРӨН ҮЕРЛЭЖ, 5 АЙЛЫН ГЭР, 115 БОД УСАНД АВТЖЭЭ

  • Булган аймагт үргэлжилсэн борооны улмаас Сэлэнгэ мөрөн үерлэж, таван айлын гэр усанд автжээ. Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Алба хаагчид усанд автсан байсан 5 айлын 17 хүнийг (зургаа нь хүүхэд) 113 бод малын хамт аюулгүй газарт гаргажээ.
  • Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн Цагаан түнгэ гэх газарт хүчтэй салхины улмаас хоёр айлын гэр нурсан байна. Золоор хүний амь эрсдээгүй. Тус аймагт өнгөрсөн Бямба гаригт салхины хурд 22-25 м/секунд хүрчээ.
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт үргэлжилсэн борооны улмаас 15 айлын хашаа, 4 айлын гэр, зургаан айлын байшин усанд автжээ. Онцгой байдлын алба хаагчид усанд автсан айлуудын усыг нь соруулж, аюулгүй болгосон байна.