Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ НӨХӨН ТӨЛБӨРТ ЦУГЛАРСАН 89,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ЗАРЦУУЛНА
Авлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийлээ. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар авлигын гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрт нийт 89,5 тэрбум гаруй төгрөг төвлөрчээ. Уг орлогыг цахим засаглалд шилжих үйл ажиллагаанд зарцуулна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай болон Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс санаачилсан хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх асуудлаар Улсын Их Хуралд уламжлахаар боллоо.
Нэгтгэсэн хуулийн төсөлд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шуурхай байх зарчмыг баримтлаж, тусгай зөвшөөрлийн хүсэлт, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авах, хянах шийдвэрлэх журмыг тусган хуульчлах саналыг УИХ-д уламжлахаар шийдвэрлэв.
ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ 78.1 ХУВЬТАЙ БАЙНА
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 6,349.9 тэрбум төгрөгийн 62.3 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,823.6 тэрбум төгрөгийг 24,040 зээлдэгчид олгожээ.
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хорооны ажлын явцаас танилцуулав.
Үндэсний хорооноос цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох замаар бизнесийн орчныг сайжруулах зорилго бүхий Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг боловсруулж байгааг мэдэгдлээ. Энэхүү хуулиар экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах чиглэлд тодорхой зохицуулалт хийхээр тусгажээ.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЖУРМЫГ БАТЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг, Засгийн газрын “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон Монгол Улсын Засгийн газрын сургалтын тэтгэлгийн журмыг баталлаа.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг нь дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, нийслэлийн хороондоо хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад бэлтгэх дотоодын төрийн өмчийн их сургуулийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, үүнийг амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг олгоно. Мөн Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагч дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан бол сургалтын тэтгэлэг авна.
Монгол Улсын Засгийн газрын сургалтын тэтгэлгийг хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сургалт, судалгааны ажлын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл олгохоор журамлав.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ХҮНД ХЭЛБЭРИЙН ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭЖ БУЙ “РЕМДЕСИВИР” ЭМИЙГ ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛЛӨӨ
Засгийн газрын 2021 оны 04-р сарын 15-ны өдрийн тогтоолоор гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх коронавируст халдварын цар тахлын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг баталсан.
Уг жагсаалтад багтсан “Ремдесивир” эмийг коронавируст халдварын хүнд хэлбэрт хэрэглэж, үр дүнгээ өгч буй юм. “Ремдесивир” эмийн тарилгын нунтаг хэлбэр нь гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх жагсаалтад багтсаныг өөрчилж, тус эмийн тарилгын уусмал хэлбэрийг нэмлээ. Ингэснээр зах зээл дээр “Ремдесивир” эмийн үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой.
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЦАГДААГИЙН НЭГЖТЭЙ БОЛНО
Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын асуудлаар танилцуулга хийлээ. Соёлын сайдын тушаалаар Соёлын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нийслэл болон орон нутаг дахь соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын аюулгүй байдалд шалгалт явуулсан юм.
Шалгалтаар музейн хяналтын камер, дохиоллын систем хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон, харуул хамгаалалтын ажилтны камер, дохиоллын системтэй харьцаж ажиллах чадвар сул зэргээс үүдэн соёлын эсрэг гэмт хэрэг зөрчил гарч байгаа нь тогтоогдсон байна. Мөн сүүлийн жилүүдэд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа тул хууль сахиулах байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нэгж байгуулж ажиллуулах шаардлагатай зэрэг дүгнэлт гарчээ.
Иймд төрийн болон орон нутгийн өмчийн музейн дохиолол, хяналтын камерын системийг шинэчлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн нэгж байгуулах талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Ж.Болд нарт даалгалаа.
ТОВЧ МЭДЭЭ:
- “Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа.
- Аймаг, дүүргийн Засаг дарга нарын үр дүнгийн хэрэгжилтийг хог хаягдлын менежмент, цахим шилжилт, ногоон байгууламж зэргээр дүгнэх шинэ журам боловсруулах үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт өглөө.
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбогдуулан “Монголын бүх ард түмний спортын XV наадам”-ыг 2022 онд, “Монголын хүүхдийн спортын VII наадам”-ыг 2023 онд зохион байгуулахаар хойшлуулав.
- ХХААХҮЯ-наас танилцуулсан мэдээллээр ургац хураалтын урьдчилсан балансаас дүгнэхэд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангах боломж бүрдлээ.