Афганистан дахь Талибаны Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Баки Хаккани холимог хүйсийн сургалтын системийг хориглож байгаагаа мэдэгджээ. Эмэгтэй оюутнуудыг хичээлд хамрагдахыг өнөөдрийн байдлаар зөвшөөрч байгаа ч эрэгтэй оюутнуудтай нэг танхимд сууж хичээллэхийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хаккани хэлэхдээ "Афганистаны ард түмэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн салангид орчинд, шариатын хууль дүрмийн дагуу дээд боловсрол эзэмшинэ" гэсэн юм. Түүнээс гадна, Талибан бүлэглэл исламын шашин, үндэс угсаа, түүхэн үнэт зүйлд нийцсэн сургалтын хөтөлбөрийг бий болгохоос гадна бусад улс орнуудтай өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэхийг зорьж байгааг тэрбээр мөн онцлов. Үүнээс хойш Афганистаны тогтсон хэв жаягын дагуу бага болон ахлах сургуулийн сурагчдыг хүйсээр тусгаарлан хичээллүүлэхээр болсныг “AFP” агентлаг мэдээлжээ.