Өчигдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлийн 8,535 нь III тунг хийлгэв
9 сарын 2, 2021

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 9,976 иргэн хамрагджээ. Вакцины

  • I тунг 373,
  • II тунг 1,068,
  • нэмэлт сэргээх тун буюу III тунг 8,535 иргэн хийлгэсэн байна.

Манай улс наймдугаар сарын 17-ноос нэмэлт III тунгийн дархлаажуулалтыг эхлүүлж, хариу арга хэмжээний багт ажиллаж буй хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж байгаа. Мөн наймдугаар сарын 30-наас эхлэн 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэдийг вакцины III тунд хамруулж байгаа билээ. Ингэхдээ III тун хийлгэх иргэд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шаардлагыг тавьж байна. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.2 хувь, II тунгийн хамралт 69.5 хувь байгаа юм. Түүнчлэн 2,707 жирэмсэн эх, нийслэлийн 12-15 насны хүүхдүүдийн 67.7 хувь буюу 60,211, 16-17 насныхны 71.8 хувь буюу 24,342 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс