Хөвсгөл аймгийн Түнэл суманд Covid-19 авсан иргэдийн байршлыг олон нийтэд зарлаж, ойр орчимд зорчихгүй байхыг нийтэд анхааруулах зэргээр халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд халдсан талаарх мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисст иржээ.
2021 оны долдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд Covid-19-ийн батлагдсан 35 тохиолдлоос эмчлэгдээд гарсан 17, эмчлүүлж буй 18 иргэний талаарх мэдээллийг байршуулж, тусгаарлалтад байгаа иргэдийн нэрсийг тодруулж тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ.
Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг тэдний ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулж байв. Covid-19 авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Түнэл сумын холбогдох албан тушаалтнуудад сахилгын шийтгэл оногдуулсан байна.