Ховд голд автомашинтай урсаж байсан таван иргэнийг эсэн мэнд аварчээ
9 сарын 7, 2021

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс баруун зүгт 25 км-т орших Мухарын ам гэдэг газраас Цэнгэл сумын руу зорчиж явсан таван зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд осолдсон байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 5-нд очжээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг хүрэлцэн очиход “УАЗ-469” маркийн суудлын автомашин хавцлын зассан замаар уруудаж байгаад жолооны механизм гацсаны улмаас 15 метрийн өндөр далангаас унаж, Ховд голд 10 метр урсаж, хажуугаараа тээглэн зогссон байдалтай байжээ.

Аврагчид уснаас аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, гурван том хүн, 3 болон 7 настай хоёр хүүхдийг аюулгүй газарт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Аврах ажиллагаа явуулахад Ховд голын усны урсгалын хурд 2,5 м/с, гүн нь 1,5 метр, голын өргөн 115 метр, ёроолын байдал чулуурхаг, эргийн байдал намагтай байжээ гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.