Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг тусгасан. Мөн цар тахлын хүнд үед эдийн засгийн гол салбар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих бодлогын хүрээнд нийслэлд анх удаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвийг Сэлбэ дэд төвийн байранд байгууллаа. Тус төвийн нээлт өнөөдөр болж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.
Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид чин сэтгэл, бор зүрхээрээ үйл ажиллагаа явуулж байдаг. Улаанбаатар хотод 1.5 сая гаруй иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс нэг сая нь хөдөлмөрийн насны хүмүүс бөгөөд тэдний 70 хувь буюу 700 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, өрхийн бизнес эрхлэгч байдаг. Энэ төв нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах дагуул хотын үндсэн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгардаг бүх бэрхшээлийг шийддэг болж байгаагаараа анхдагч, шинэлэг. “Ковид-19” жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд хамгийн хүнд туссан. 90 гаруй хувь нь тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа зогсоосон, ажлын байраа алдсан, орлого буурсан, өр зээлд орсон судалгаа бий. Тиймээс бид энэ төвөөрөө дамжуулж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийнхээ асуудлыг шийдэх болно. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийг үлгэрлэж харуулна. 15 топ аж ахуй нэгжид өрөө гаргаж, хамтдаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжиж, бойжуулж, жижгийг дунд, дундыг том болгох, импортыг орлох, экспортыг орлох бүтээгдэхүүнүүдийг гаргахад дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн юм.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн энэ үеэр гэр хороололд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих нь хөгжлийн чухал хэсэг. Энэ бол эдийн засгийн өсөлтөд хүртэл нөлөөлөх гол дэмжлэг байх болно гэдгийг онцоллоо. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид энэ үеэр үйл ажиллагааг нь дэмжих, бүх талаар туслах төвтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв.
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, НЗДТГ хамтран энэхүү төвийг ашиглалтад оруулж, бизнес эрхлэгч нарт зориулан олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвөөс нийслэлийн бизнес эрхлэгчид санхүү, маркетинг, хууль эрх зүй, төсөл хөтөлбөр, мэдээлэл технологи, инновацыг хөгжүүлэх, хөдөлмөр зуучлалын зэрэг зөвлөх үйлчилгээг авахаас гадна төрөл бүрийн сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Үүний зэрэгцээ Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь олон улсын байгууллагууд, банк, банк бус санхүүгийн байгууллага, дотоодын топ аж ахуйн нэгжүүдтэй хамтран бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болох олон талт үйл ажиллагааг шат дараатай эхлүүлэхээр төлөвлөжээ.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол үзүүлэлтийн нэг ДНБ үйлдвэрлэлийн 18 хувийг бүрдүүлдэг. Тус салбарт нийт 62.3 мянган жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, 906.5 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлж байна. Үүнээс 43.2 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нийслэлд төвлөрч, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг бүрдүүлдэг онцлогтой.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ нь нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, тэднийг чадавхжуулах төрөл бүрийн сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, олон улсын төсөл хөтөлбөрт хамруулан, хамтын ажиллагааг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.