УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоол, 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоол, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай”, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай, болон “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг “Нээлттэй сонсголын” танхимд, АН-ын бүлэг “Нутгийн удирдлагын” танхимд хуралдана.