ХУД, БЗД-ийн гэр хорооллын 2,000 айлын нүхэн жорлонг стандартад нийцүүлэн сольжээ
9 сарын 11, 2021
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд 1,000 ширхэг, Баянзүрх дүүргийн 19, 21, 24, 27 дугаар хороонд 1,000 ширхэг нийт 2,000 эко ариун цэврийн байгууламжийг суурилуулах ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.
 
Ажлын гүйцэтгэгчээр Хэмжилзүй ХХК, Дархан нэгдэл ХХК шалгарсан бөгөөд гүйцэтгэл 100 хувьтай айл өрхүүдэд ариун цэврийн байгууламжийг хүлээлгэн өгөөд байна.
 
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” суурилуулах болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт “Хот, суурин газрын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцүүлэх замаар боловсронгуй болгох” гэж заасныг хүрээнд дээрх ажлыг зохион байгууллаа.
 
Айл өрхөд суурилуулсан ариун цэврийн байгууламж нь техникийн тодорхойлолтод заасан MNS 5924:2015 стандартын дагуу ялгадас хуримтлуулах нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэрэг үндсэн хэсгээс бүрдэнэ.


Нүхэнд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1.8 метр, амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, бүхээгийг төмөр рамаар зангидсан. Нар, салхи, цас, бороонд тэсвэртэй төмөр листтэй. Зориулалтын агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон. Бүхээгийн дотор гадна талд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий нарны зайн хураагууртай гэрэлтүүлэг, өдрийн гэрэл нэвтрүүлэх цонхтой хийсэн. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Шувуун фабрик орчимд 850 ширхэг, 13 дугаар хороо, Биокомбинат орчимд 150 ширхгийг Хэмжилзүй ХХК, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 170 ширхэг, 22 дугаар хороонд 160 ширхэг, 24 дүгээр хороонд 180 ширхэг, 27 дугаар хороонд 490 ширхэгийг гүйцэтгэгч Дархан нэгдэл ХХК бүрэн суурилуулж ашиглагч айл өрхөд хүлээлгэн өгөөд байна. 

Хүлээлгэн өгөхдөө захиалагч тал, захиалагчийн хяналт гүйцэтгэгч, ашиглагч тал, хороодын хэсгийн ахлагч зэрэг тус бүрийн төлөөллүүд хүлээлцэн, баталгаажуулж, хороодын Засаг дарга болон дүүргийн Засаг даргаас холбогдох тодорхойлолтыг авсан байх шаардлагыг тавьсан. Ажил гүйцэтгэлийн явцад айл өрхүүд кабиныг дур мэдэж суурилуулах, гүний ус их хэмжээгээр гарах, айл өрхийн байршил тодорхойгүй, цар тахлын халдварын улмаас цаг алдах, том оврын машин техник орох зай талбайгүй зэрэг хүндрэлүүд гарсныг гүйцэтгэгч талаас хэллээ.

Цаашид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг хүн амын 60-аас доошгүй хувьд хүргэхээр заасан. Энэ ажлын хүрээнд тухайн нөхцөлд тохирсон хямд өртөг бүхий эко ариун цэврийн байгууламжийн шийдлийг гаргаж, инновацыг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг бууруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
 Байгаль орчин, аялал жуулчлалын яам