Эрчим хүчний “Диспетчерийн үндэсний төв” ХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий диспетчер Л.БӨХБОЛДтой ярилцлаа.
-Диспетчерийн үндэсний төвийн үндсэн үйл ажиллагааг товчхон тайлбарлахaас ярилцлагаа эхлэх үү?
-Диспетчерын үндэсний төв нь эрчим хүч импортлох, экспортлох, эрчим хүчний диспетчерын зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч юм. Эрчим хүчний тухай хуульд “Диспетчерын зохицуулалт” гэж диспетчерын зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулааны үйлдвэрлэл хэрэглээг тэнцвэржүүлэн нэгдсэн сүлжээний өдөр тутмын шуурхай үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулахыг хэлнэ” гэж заасан байдаг.
Тэгэхээр энэ хуульд заагдсан үйлдвэрлэл хэрэглээг тэнцвэржүүлнэ гэдэг нь эрчим хүчний сүлжээний үйл ажиллагаагаа тасралтгүй, найдвартай явуулах гол онцлогийг хуульчилж өгсөн гэж ойлгож болно.
-Үйлдвэрлэл, хэрэглээг тэнцвэржүүлнэ гэдгийг манай уншигчдад тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?
-Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл хэрэглээ зэрэг явагддаг онцлогтой. Одоогоор эрчим хүчний системд хуримтлуур байхгүй учраас бусад бараа бүтээгдэхүүн шиг нөөцлөх, дараа нь хэрэглэх боломж байхгүй. Гадны орнуудад нөөцлөх технологи бий ч хэт өндөр үнэтэй байна. Иймд эрчим хүчний үйлдвэр буюу цахилгаан станцуудын үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг хэрэглэгчдийн хэрэглэж буй цахилгаан эрчим хүчтэй тасралтгүйгээр тэнцвэржүүлж, зохицуулалт хийж ажиллахыг хэлж байгаа юм.
Энэ нь эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагааны гол суурь болдог. Энэ тэнцвэрт байдал алдагдвал хэрэглэгчдийг хязгаарлахаас эхлээд системийн ажиллагаа доголдож эхэлдэг. Тиймээс бид цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлөвлөлт хийж, түүндээ үндэслэн эх үүсвэрүүдийнхээ үйлдвэрлэх хэмжээ болон импортоор авах эрчим хүчний хэмжээг тогтоож өгдөг.
Товчоор хэлбэл, эрчим хүчний хэрэглээний төлөвлөлт хийж түүндээ тохирсон эрчим хүчний үйлдвэрлэлийн технологийн процесс тогтоож хэрэгжүүлэхийг диспетчерын зохицуулалт гэж нэрлээд байгаа юм. Тухайлбал, энэ онд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 6.2 тэрбум кВт.ц байх ба үүний 95.3 хувийг дотоодын эх үүсвэрээс, 4.7 хувийг ОХУ-аас импортоор хангаж ажиллах тооцоо гаргаад байна.
-Диспетчерын зохицуулалтыг хэрхэн хийж байна вэ?
-Диспетчерын үндэсний төв нь өдөр тутмын хэрэглээнийхээ төлөвлөлтийг урьд өдөр нь хийж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн үйлдвэрлэх хэмжээг тогтоож, ОХУ-аас импортоор авах эрчим хүчний захиалгаа өгдөг. Өнөөдрийн байдлаар хоногийн хамгийн их ачаалал 850 МВт, хамгийн бага нь 560 МВт орчим байгаа бөгөөд 300 орчим МВт-ын зөрүүтэй байна. Ийм хэмжээгээр цахилгааны үйлдвэрлэлийг ихэсгэж, багасгах тохируулга хийж байна.