Өвөрхангай аймгийн Тарагт суманд хээрийн түймэр гарч, 10 га талбай шатжээ. Тус сумын Арвайн тал баг Хайрханы хишиг гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 16:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд очжээ. Улмаар 16:23 цагт түймрийг цурманд оруулж, 17:13 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Үүнээс гурав хоногийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн Цагаан нуга гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан. Хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт зургаан га орчим талбай шатсан талаар албаныхан мэдээлсэн билээ.
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
- Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.