Н.Баярмаа: Нэг мод ургахад эко талаасаа асар их ач холбогдолтой
10 сарын 20, 2021

-ЭКО ДҮҮРЭГ ТОДОТГОЛТОЙ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НОГООН БАЙГУУЛАМЖ 2.8 ДАХИН ӨСЧЭЭ-


Төрөлх Хан-Уул дүүргийнхээ тохижилт, бүтээн байгуулалтыг сурвалжиллаа. Би Хан-Уулын хүүхэд. Тиймдээ ч дүүрэгт минь бүтээн байгуулалт өрнөж, цэцэрлэгт хүрээлэн нэмэгдэх бүрт баярладаг. Хан-Уул дүүрэг “Эрүүл-Эко дүүрэг” болох зорилт тавьж, дүүргийн нутагд эвсгэрийн ногоон байгууламжыг 2.8 дахин өсгөж,  зөвхөн энэ жил гэхэд тус дүүрэгт 85.545 мод, бут, сөөг тарьж, арчлах тал дээр анхааран ажиллаж байгааг албаныхан мэдээллээ. Мөн мод тариад орхих биш арчилж ургуулах тал дээр ОНЦГОЙ анхаарч үр дүн нь гарсан тухай холбогдох мэргэжилтнээс тодрууллаа.

НЭГ МОД ТАРИАД ОРХИХ БИШ АРЧИЛЖ, УРГУУЛАХ НЬ ЧУХАЛ


Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээний газрын ажилтан ярихдаа “Манай дүүрэг эко гэдэг утгаараа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий газруудынхаа мод, бут, сөөг, ургамлыг их анхааран арчилдаг. Нэг мод тариад орхих биш арчилж ургуулах чухал. Тиймээс энэ ажилдаа би сэтгэл гарган ажилладаг. Нэг мод ургахад эко талаасаа асар их ач холбогдолтой, үр дүн нь гарч байгаад урам авдаг” гэв.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙНХЭН НИЙСЛЭЛИЙН "ХОГГҮЙ ЭКО ДҮҮРЭГ" НЭРИЙН ХУУДСАА БАТАТГАЖ ЧАДЖЭЭ


Мөн манай дүүргээс Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлж, 3144 мод тарьсан бол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тус хөдөлгөөнд идэвхтэй оролцон арчлан ургуулах тал дээр дүүргээс онцгой анхаарч байна. Тиймдээ ч Хан-Уул дүүрэг нийслэлийн "Хоггүй эко дүүрэг" нэрийн хуудсаа бататгаад байгаа юм.

20-ИОД ТӨРЛИЙН ГОЁЛЫН ЦЭЦГИЙГ ТАРЬЖ, ҮРСЛҮҮЛЭЭД БАЙНА


Эко дүүрэг зорилт үүгээр зогсохгүй дүүргийн ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хан-Уул Агропаркын ажилчид өөрсдийн хүний нөөц бололцоонд тулгуурлан хун цэцэг, хилэн цэцэг, чимэглэлийн байцаа цэцэг, эрвээхэй, астро цэцэг зэрэг гоёл чимэглэлийн цэцгийг тарьж, үрслүүлсэн аж. Үүгээрээ 21 хорооны гадна талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд зэрэг нийтийн эзэмшлийн гудамж талбайд 388,822 ширхэг цэцгээр цэцгийн мандал байгуулжээ. Энэ нь өнгөрсөн зун нийслэлийн Эко дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд суурилуулсан гоёмсог цэцгийн мандалыг өөрсдөө тарьж ургуулан, суурилуулж, урин дулааны улиралд иргэд орчин тойрныхоо эрүүл орчинд амарч суухад таатай орчинг бий болгосонд талархууштай.

САЙН ДУРЫНХАН НИЙЛЖ ЖАЛГА, СУВАГ, ШУУДУУГ ЦЭВЭРЛЭДЭГ

Үүнээс гадна Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэ ажлыг ихээхэн дэмжин ажиллаж, хамтран оролцож тодорхой үр дүнд хүрсэнийг иргэд онцолж байна.


Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Х.Доржсүрэн хэлэхдээ “Манай хорооноос сар бүрийн эхний амралтын бямба гаригт ойр орчноо цэвэрлэх, ногоон байгууламжаа арчлах уриалга явдаг юм. Иргэд ч үүнд идэвхтэй оролцож, гудамж талбайгаа цэвэрлэдэг. Сайн дурынхан нийлж, жалга суваг шуудууг цэвэрлэдэг юм” хэмээв.

ДҮҮРГИЙН ХӨРӨНГА ОРУУЛАЛТААР НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙГ ЯНЗАЛЖЭЭ

Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хөрөнгө оруулалтаар нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд нийт 15 байршилд 1458 м.кв талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ.


Энэ талаар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Сугармаа ярихдаа “Манай хорооны цэцэрлэгт хүрээлэнг сайхан тохижуулсан. Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн амьтдыг сэргээн засварлаж будаад улам сайхан өнгө нэмээд байна. Дүүргийнхээ энэ ажлыг иргэд бид дэмжиж хамтран ажиллахдаа үргэлж бэлэн байдаг” гэлээ. Өнгөжин жавхаажих дүүргийн минь өнгө төрх өдрөөс өдөрт гялалзан сайжирсаар байна.