Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны ес болон аравдугаар сард оройн цагаар ганц, нэгээр явсан иргэдийг дээрэмдэх, эд зүйлийг нь хулгайлах, амь нас, эрүүл мэндэд онц хэрцгийгээр халдах зэрэг гэмт хэрэг нэлээд бүртгэгдэх болжээ.
Үүнтэй холбоотойгоор тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэж байж болзошгүй этгээдийг цаг алдалгүй олох чиглэлээр ажиллагаа зохион байгуулсны үр дүнд 25 настай А гэгчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад сэжигтэн А нь
- Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн ... гэх эмэгтэйг 2021 оны аравдугаар сарын 2-ны өдөр нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь хутга тулган айлган сүрдүүлж хүчиндсэн,
- Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 3-4-нд шилжих шөнө Г гэгчтэй хамтран 15-16 насны гурван хүүхдийг айлган сүрдүүлж, гар утас эд зүйлийг нь дээрэмдсэн,
- Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны орцонд 2021 оны аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнө иргэн эмэгтэйн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулан төмрөөр зодож гар утас, цүнхийг нь дээрэмдсэн зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа аж.
Иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байж, хувь хүний аюулгүй байдлаа ханган, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал, үйлдэлтэй тулгарвал нэн даруй цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд мэдэгдэж байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.