Цас орж шуурахыг анхаарууллаа
11 сарын 2, 2021

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурна.

Түүнчлэн 3-ны өдөр баруун аймгуудын нутгаар цаашид ихэнх нутгаар эрс хүйтэрч авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах; 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхаарууллаа.